Дижитал шилжилт жинхэнэ утгаар хэрэгждэг үү, бид хаанаас эхлэх вэ, бизнесүүд заавал анхаарал хандуулах ёстой зүйл юу вэ?

Эдгээр асуултад хариулт өгсөн  “Unlock Your Sales Potential” арга хэмжээ өнөөдөр болж өнгөрлөө.

Энэ үеэр технологид тулгуурлан борлуулалтаа автоматжуулах, шинэ аргачлалыг нэвтрүүлэхийн ач тус, орчин үеийн борлуулалтын үйл ажиллагааны чиг хандлагын талаарх сонирхолтой мэдлэг, мэдээлэл хуваалцсан юм.

Мөн тус арга хэмжээний хэмжээний үеэр CRM буюу хэрэглэгчтэй харилцах менежментийн систем менежментийн топ аргыг танилцуулав. Тэр дундаа  CRM технологийн салбарт дэлхийд тэргүүлж буй CRM Salesforce системийн хэрэглэгчдийнх нь туршлага, гол модулуудыг дэлгэрэнгүй танилцууллаа. 

 

Б.Цээсүрэн: Код бичихгүйгээр системийг угсрах боломжтой гэдгээрээ давуу талтай

/“Новелсофт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал/

Манай компани 2016 оноос Tableau гээд дэлхийн шилдэг дата аналитикийн технологийг Монголд амжилттай танилцуулсан. Энэ хамтын ажиллагаагаа өргөжүүлж Salesforce гээд дэлхийд тэргүүлэгч CRM системийг танилцуулах боломж бүрдсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд эрхийг нь авах гэж чамгүй ажиллаж, албан ёсоор хэрэглэгч нартаа танилцуулж байгаадаа баяртай байна. Байгууллагууд дижитал шилжилт хийж байгаа ч борлуулалтын үйл ажиллагаанд сүүлийн үеийн технологийг суурилуулсан нь тун цөөн. Тиймээс бид эхний ээлжинд борлуулалтын үйл ажиллагааг автоматжуулахаар зорин ажиллаж байна. Энэ бол яах ч аргагүй олон улсын чиг хандлага гэдгийг онцлох ёстой. Ер нь байгууллагууд үйл ажиллагаандаа дата технологи нэвтрүүлнэ гэдэг өрсөлдөх чадвараа л нэмж байна гэсэн үг. Хэрвээ үүнийг анхнаас нь зардал гэж хараад татгалзвал өрсөлдөөнөөс хоцрогдоно. Харин цаад мөн чанарыг нь олж хараад өдөр тутамдаа ашиглаад явбал бага зардлаар цэгцтэй, хүртээмжтэй, өгөөжтэй ажиллана гээд маш олон давуу талтай. Мөн хэрэглэж буй хүмүүсийн тоогоор буюу нэгж лицензийн тоогоор жилд нэг удаа л зардал гарах тул байгууллагын борлуулалтын зарим нэг процесс болон систем ажиллуулахтай холбоотой урсгал зардлуудаа танана гэсэн үг. Энэ системийн бас нэг давуу тал нь “Low-code/No-code” буюу код бичихгүйгээр системийг угсрах боломжтой гэдгээрээ давуу талтай. Мэдээж хамгийн чухал нь хэрэглэгчийнхээ мэдээллийг бий болгоно. 

Т.Оюунбаатар: Бизнесээ эхлүүлэх гэж байгаа л бол CRM-аа ав, тэгсэн цагт амжилтанд хүрнэ

/CBDx компанийн Гүйцэтгэх захирал/

Өнөөгийн хэрэглэгчдийн хүсэл шаардлага өндөр болчихлоо, үүнийгээ дагаад бизнесийн модел нь орчин үеийн болох хэрэгцээтэй тулгарч байна. CRM-ийн хувьд манайхан одоо л ярьж байна. Олон улсад 1990 -ээд оноос хэрэглээд эхэлчихсэн. Анзаараад байхад компаниуд хүний нөөц, маркетинги дээр л түлхүү анхаарал хандуулж, сайжруулдаг. Тэгсэн хэрнээ борлуулалтын асуудлыг хойш тавих гээд байдаг гэмтэй. Хэдийгээр борлуулалт гэдэг тодорхой хугацааны мөнгөн дүнгээр хэмжигдэх боловч борлуулагчийн утсаар ярьж, уулзалт хийх зэрэг ажлуудыг тэр бүр тооцож чаддаггүй. Энэ бүх ажлыг цэгцтэй, үр дүнтэйгээр бүртгэж хөтөлдөг программ байна. Гэхдээ бид заавал өөрсдөө шинэ программ бүтээж гээд байх шаардлагагүй. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бэлэн платформ Salesforce CRM-ийг нэвтрүүлж болно. Ингэснээр хүний механик ажиллагаа багасаж, зарим нэг гаргадаг алдаанууд цөөрнө, тэр хэрээрээ бүтээмж эрс өснө. Гэхдээ борлуулалтын ажилтнууд л энэ программыг хэрэглэдэг юм биш. Ингэж эндүүрдэг тал байгууллагууд дээр анзаарагддаг. Үнэндээ борлуулалт гэдэг байгууллагын ашиг орлогын амин сүнс гэдгийг тэр бүр ойлгодоггүй. Түүнийгээ том зургаар нь харна гэсэн үг шүү дээ. Тухайлбал гарааны компаниуд, жижиг дунд бизнесийнхэн бизнесээ эхлүүлэхдээ хамгийн эхлээд оффис, ширээ сандал, компьютер л авдаг. Үнэндээ бизнесээ эхлүүлэх гэж байгаа л бол CRM-аа л түрүүлж авах нь хамгийн зөв шийдэл юм. Ширээ сандал гэдэг дараагийн зэргийн асуудал юм. Ингэж нэгдсэн системтэй болж чадсан бизнес л амжилтад хүрэх магадлалтай.

Томас Лим: Salesforce-ийн өгч байгаа хамгийн чухал үнэ цэн бол итгэл

/Salesforce Компанийн, Зүүн өмнөд Ази хариуцсан Борлуулалтын захирал/

Бизнесүүд илүү хурдтай өөрчлөгдөж буй өнөөгийн нөхцөлд тухайн бараа бүтээгдэхүүнээ хурдан хугацаанд хүргэх боломж энэ платформд бий. Уян хатан, өөрсдийн хүссэнээр тохируулдаг гэдгээрээ онцлог. Магадгүй танай компани шинэ бүтээгдэхүүнээ гаргалаа гэхэд та маргааш гэхэд л хэрэглэгч нартаа шууд мэдээллээ хүргэж чаддаг гэдгээрээ давуу талтай. Уламжлалт бизнест бол аль нэг админ, мэдээлэл технологийн ажилтныг нь хүлээдэг байсан бол өөрсдөө тэдгээр датагаа оруулчих боломжтой гэсэн үг. Хэрэглэхэд хялбар. Код, программ бичихгүйгээр үйл ажиллагаандаа тохируулах ч боломжтой. Тэр хэрээрээ борлуулалтын орлогоо нэмэгдүүлнэ.