УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга С.Одонтуяа Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг цагаатгуулах тухай асуудлаар мэдээлэл хийж байна.

УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга С.Одонтуяа:

Бид өнөөдөр нэгэн чухал мэдэгдлийг хийх гэж байна. Монгол Улс ардчилал, хүний эрх чөлөөг дээдлэсэн нийгмийн тогтолцоонд шилжсэн цагаас хойш нэгэн чухал байгууллага байгуулагдсан. Энэ бол улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах комисс юм. Миний хувьд АН-ын дэд даргын хувьд цагаатгалын комиссыг ахлан ажиллаж байна. Өмнө нь манай дэд дарга Г.Батхүү, Л.Цог нар энэ асуудалд онцгой анхаарал хандуулж ирсэн. Үр дүнд нь 31,314 хүнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэдгийг баталж цагаатгажээ. Хуулийн үйлчлэлээр 2020 оны 12 дугаар сарын 31-ээс хойш шүүхэд яФмар нэгэн өргөдөл гомдол хүлээн авахгүйгээр зохицуулагдсан.

Тийм учраас бид Монгол төрийг 44 жил ажилласан, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбал агсан болон түүний гэргий Филатова нарыг хууль ёсны дагуу шүүхийн шийдвэрээр цагаатгахаар өнөөдөр Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл өгч гаргаж байна. Өмнө АН 800 гаруй хүний гарын үсэгтэй бичгийг олон удаа өгсөн. 

Түүхийн үнэн ялдаг. Олон жилийн хөдөлмөрөө Монгол Улсад зориулсан энэ хүн, энэ хүний гэр бүлийг албан ёсоор цагаатгах цаг ирж байна. 

Зарим хүмүүс эдгээр хүмүүсийг цагаатгаагүй юм уу гэдэг. Гэтэл албан ёсоор хууль тогтоомжийн хүрээнд цагаатгаагүй өдийг хүрчээ. Хэдийгээр цаг хугацаа эдгээр хүмүүсийг цагаатгасан ч албан ёсоор цагаатгасан ямар ч бичиг баримт байхгүй.

Юмжаагийн Цэдэнбал агсан түүний гэр бүл тухайн үеийн Үндсэн хууль болон Хүний эрхийн тунхаглал дахь хүний олон зүйл заалтыг зөрчсөн дарамт шахалтыг амссан байдаг. Тухайлбал,

-Гадаад пасспортыг нь хураасан

-Шударгаар хөдөлмөрлөж олсон тэтгэврийг нь хураасан

-Эд хөрөнгийг нь, тэр байтугай дотуур хувцасыг нь хүртэл хураасан акт баримтууд бий.

Монгол Улсын түүхэнд давтагдашгүй том үүрэг гүйцэтгэсэн зүтгэлтний гэр бүлийн түүхтэй холбоотой 36 жил үргэлжилсэн хэл ам, тэмцэл, хөдөлмөр нэг талдаа гарах боломж олдож байна.