Америкийг эсэргүүцсэн орнууд "хоосон" хоцорно

Г.Сайнзаяа
12 сарын 21, 2017

НҮБ Израйлын нийслэлийг Иерусалим гэж Америк үзсэнийг эсэргүүцсэн тогтоол гаргахаар зэхэж буй. Тэгвэл үүнийг дэмжсэн улс орнуудаас санхүүжилтээ татна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сүрдүүллээ. 

Энэ сарын эхээр Ерөнхийлөгч Дональд Трамп олон улсын эсэргүүцлийг үл харгалзан нэгэн шийдвэр гаргасан нь Иерусалимыг Израйлын нийслэл гэж үзэн элчин сайдын яамаа тийш нүүлгэх байсан юм. Энэ талаар тэрбээр Цагаан ордноос мэдэгдэл хийж “Биднээс хэдэн зуун сая, бүр хэдэн зуун тэрбум доллар авчихаад дараа нь эсрэг санал өгөх гэж байдаг. Тэгж л байг. Бид л мөнгө хэмнэнэ гэсэн үг. Хамаагүй” гэжээ. 

НҮБ-ын Ерөнхий ассамблейн гаргах гэж буй тогтоол АНУ-ын нэрийг дурдаагүй ч Иерусалимын талаар гаргасан аливаа шийдвэрийг хүчингүйд тооцно гэсэн байна. Америкийг аль аль улс эсэргүүцсэнийг даруй илтгэхийг ноён Трамп үүрэгдсэнийг НҮБ дэх тус улсын биет төлөөлөгч Никки Хэйли гишүүн орнуудад дамжуулжээ. 

Олон улсын ажиглагчид Трампыг олон улсад хамаатай асуудлыг дипломат арга замаар биш, “булчингаараа” шийдэх гэлээ гэж шүүмжилж байна. Иерусалимыг Израйлын нийслэл гэж үзэх эсэх нь Америкийн тусгаар эрх. Гэхдээ үүнтэй санал нийлэх эсэх нь бусад орны ч эрх.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.