Судалгаа: Агааржуулагчийн агаарын урсгал COVID-19 тархахад нөлөөлсөн байж болзошгүй

Х.Оргил
01 сарын 22, 2021

Орон сууцны хороололд “COVID-19” халдвар тархсан байдлыг судалж буй тандалт судалгааны эхний үр дүнг НЭМҮТ-өөс танилцууллаа.

Энэхүү мэдээлэлд БГД-ийн 6 дугаар хороонд 4 өрхийн 8 тохиолдол 2021 оны нэгдүгээр сарын 9-нд илэрсэн тохиолдлыг агааржуулагчийн хоолойноос болсон гэх магадлал өндөртэй хэмээн дурджээ. Учир нь айлуудын хоолны болон тамхины үнэр ариун цэврийн өрөө, гал тогоонд үнэртдэг байсан аж.

Олон улсын судалгаанаас үзэхэд энэ төрлийн тархварлалтыг магадлалтай хэмээн үзжээ.

Хятадын судлаачид нэгдүгээр сард Өмнөд Хятадын гурван гэр бүлийн 10 хүн шинэ төрлийн коронавирусээр өвчилсөн тохиолдлыг судлаж үзээд тус халдвар эйр кондейшн буюу агааржуулагч машинаар дамжсан болохыг тодорхойлжээ.

Энэхүү тохиолдлыг судлаж үзэхэд эйр кондейшний урсгалын дагуу суусан гурван ширээнд дараалан хүмүүс халдвар авсан аж. Халдвартай гэж тогтоогдсон анхын хүн нь тэдгээр ширээний голд сууж байжээ. Тухайн үед ресторанд байсан нэгдүгээр хавьтагч 73 хүн буюу хажуу талын ширээ, зөөгч зэрэг рестораны ажилтнуудаас уг вирус илрээгүй нь ийнхүү дүгнэхэд хүрсэн байна.

Иймээс Гуанжоу хотын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэргэжилтнүүд ширээ хоорондын зайг холдуулахыг зөвлөжээ.

Холбоотой сэдвүүд

агааржуулагч коронавирус covid

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.