Дуучин, бүжигчин Бритни Спирсийг танихгүй хүн бараг л үгүй. Тэр бол 2000-аад оны АНУ-ын хөгжмийн соёлыг гайхалтай нь гэгч төлөөлж чадсан хүмүүсийн нэг билээ. Гэвч энэ долоо хоногт тэрээр өөрийн амьдралын тухайд шүтэн бишрэгч нартаа тайлбар хийж, шүүхэд хандах болсон юм.


Учир юу вэ гэвэл тэрээр өөрийн дураараа шийдвэр гаргаж, амьдралаа авч явах эрхээ тэртээ 2008 онд хийсэн үйлдлээсээ болж алджээ. Тухайн үед үерхэж байсан найз залуугаасаа салахдаа Бритни өөрийн үсийг хусаж, машинтайгаа явж байсан папараццийн машиныг шүхрээр балбаж байсан дүр зураг одоо ч интернет орчинд байдаг бөгөөд тэдгээр үйлдлийнхээ улмаас тэрээр сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүргэгдэж эмчилгээ хүртэл хийлгэж байжээ.

Гэвч тэдгээр үйлдлийн шан зөвхөн эм эмчилгээгээр дуусаагүй юм. Шүүхээс түүнийг өөрийгөө авч явах чадваргүй нэгэн гэж тодорхойлсны улмаас Бритнигийн аав Жэймс Спирст түүний өмнөөс шийдвэр гаргах бүхий л эрхийг ногдуулсан.


Үүнээс 13 жилийн дараа буюу энэ долоо хоногт түүний амьдрал олонд дэлгэгдсэн бөгөөд тэрээр “Би ердөө л өөрийн амьдралыг эргүүлэн авмаар байна” хэмээжээ.

Өдгөө 39 настай дуучин маань шүүхийн шийдвэрийн улмаас аавынхаа зөвшөөрөлгүй дахин хүүхэдтэй болж болохгүй ба өөрийн хүслээс гажууд эм эмчилгээнд заавал хамрагдах шаардлагатай болсон юм.

Мөн өнгөрөгч хугацаанд түүний хийж байсан уран бүтээл болоод аялан тоглолтууд ч түүний хүслийн хүрээнд бус илүү албадлагын чанартай болж өнгөрсөн гэдгийг ч хэлжээ. 


Тийнхүү шүүх хурлын дараагаар Бритни өөрийн инстаграм хуудаснаа нэгэн пост нийтэлсэн бөгөөд үүнд:

 

Би та нарт нэг бяцхан нууц хэлэхийг хүссэн юм. Би бүх л хүнийг ид шидийн үлгэр мэт амьдралыг хүсдэг гэж итгэдэг мөн миний оруулж байсан постуудаас үзэхэд миний амьдрал ч үнэхээр гайхалтай харагдсан байх. Миний бодлоор тэгж харагдуулах нь бид бүгдийн хүсдэг зүйл байх. 

Энэ бол ээжийн маань хамгийн гайхалтай чанар байсан юм. Бага байхад ямар ч хогийн өдөр тохиолоо гэсэн тэр миний болоод дүү нарын маань төлөө үргэлж л бүхнийг зүв зүгээр мэт аягладаг байсан. Би яагаад үүнд хүмүүсийн анхаарлыг хандуулж байна вэ гэхээр би хүмүүсийг миний амьдралыг төгс гэж бүү бодоосой гэж хүссэн юм. Учир нь энэ үнэхээр төгс биш. 

Хэрэв та бүхэн миний тухай энэ долоо хоногт мэдээнээс сонссон бол энэ үнэхээр төгс биш гэдгийг мэдсэн байх. Өнгөрөгч 2жилийн турш зүгээр байгаа мэт дүр эсгэж байсанд минь уучлал хүсье. Би өөрийн бардам зангаас болоод өөрт тохиолдсон зүйлийн тухай ярихаас санаа зовсондоо дүр эсгэж байсан юм. 

Гэхдээ үнэндээ хэн л инстаграм дээр өөрийн амьдралын гэрэл гэгээтэй мөчүүдийг л дурсахыг хүсдэггүй билээ дээ? Итгэнэ үү байна уу та өөрөө мэдээрэй, гэхдээ тэгж дүр эсгэх үнэндээ надад үнэхээр нэмэр болсон. Тиймээс л би энэ постыг өнөөдөр оруулахыг хүслээ. 

Миний хувьд инстаграм бол өөрийн оршихуйн тухай хуваалцах сайхан талбар гэж боддог. Бас болж байсан бүхнээс үл хамааран намайг үнэ цэнтэй хүн гэж санагдуулсан. Тиймээс би илүү олон шидэт үлгэр унших болсон юм хэмээжээ.


Эх сурвалж: BBC