Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын хариу арга хэмжээний ажиллагаанд нийт 694 резидент эмчийг дайчлан ажиллуулж эхэллээ. Резидент эмч нар коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын цэг, тандалтын баг, гэрийн тусгаарлалтын хяналтад ажиллах юм.

Эрүүл мэндийн салбарынхан халдварт цар тахлын эсрэг хүн хүч дутагдалтай, ачаалал өндөртэй ажиллаж байгаа энэ цаг үед нарийн мэргэжил эзэмшихээр суралцаж буй залуу эмч нар шинжилгээ, дархлаажуулалтын ажилд хүч нэмэн ажиллаж байна.

Өчигдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд өдөрт 60.000 орчим хүнийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөсөн. Ингэхдээ тухайн иргэн хэзээ, хаана очиж вакцин хийлгэхийг дүүрэг, хорооноос нь утсаар мэдэгдэнэ. Иймд иргэд дур мэдэн дархлаажуулалтын цэгт очиж, бөөгнөрөл үүсгэхийг хориглоно. Уг төлөвлөгөөгөөр 5 дугаар сарын 09-н гэхэд нийслэлийн бүх иргэнийг вакцины нэгдүгээр тунд, 50-иас дээш хувийг хоёр дахь тунд хамруулсан байх аж.