40 дэх удаагийн Номын баяр өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ

О.Анужин
09 сарын 18, 2026

“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас 20 дахь жилдээ зохион байгуулж буй 40 дэх удаагийн Номын баяр, Үндэсний бичиг соёл, номын өдрүүд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор нийслэлийн төв талбайд өнөөдөр эхэлнэ.


Тус төрийн бус байгууллагын үйл ажиллагаа нь Монголын номын салбарын хөгжилд, цаашлаад монголчуудынхаа оюуны хөгжил дэвшилд даацтай хувь нэмрийг оруулж түүчээлэн ажилласан, номын худалдааны эргэлт, ном уншдаг хүмүүсийн тоо үлэмж нэмэгдсэн нь мэдлэгт суурилсан эдийн засаг хөгжихөд томоохон түлхэц үзүүлжээ. Нийслэлийн иргэдийн дунд номын соёлыг түгээхэд далайцтай хувь нэмрийг оруулсан амжилтаар 40 дэх удаагийн Номын баярыг ийнхүү угтаж байна.

“Номын баяр”-ын онцгой зочид

Энэхүү үйл ажиллагааны сүүлийн үеийн чиг хандлага Олон улсын номын үзэсгэлэнгүүдтэй түншлэн ажиллахад чиглэж, тэдний сайн туршлагаас суралцахын сацуу бодитоор хэрэгжүүлэхэд анхаарч байгаа юм. Тиймээс энэ удаагийн баярын гол онцлог нь залуу хэвлэн нийтлэгчдийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж, олон улсын хэвлэн нийтлэгчидтэй соёлын солилцоо өрнүүлэх тусгай гадаад оролцогчдын хэсгийг бий болгох аж. 

Энэ удаагийн “Номын баяр”-аар “Либро сувд” утга зохиолын агентлагаас Японы зурагт номын алдартай зохиогчид Хоса Сачиёо, Ито Хироши, Малайзын Куала Лумпурт болсон Олон улсын хэвлэн нийтлэгчдийн хурлаас 2026 оны “Хэвлэлийн салбарын инновац” шагнал хүртсэн БНЭУ-ын Тамил Наду мужийн Aazhi Publications-ийн захирал С.Сэнтил Натан, Номын соёлын сан, Уншлагыг дэмжих иргэдийн хөдөлгөөний ерөнхий захирал Ан Чан Сү, Номын соёл сангийн менежер Ким Хюмбин, “Nami Island Arts & Education” корпорацын гүйцэтгэх захирал, IBBY Trust-ын Удирдах зөвлөлийн гишүүн Фрэд Минн, Бээжингийн номын үзэсгэлэнгийн зөвлөх, 2008-2012 оны IBBY-ын ерөнхийлөгч, гүйцэтгэх хорооны байнгын гишүүн, Хүүхдийн зохиолч Жан Минжөү, Түрэг соёл судлалын олон улсын байгууллага (ТҮРКСОЙ)-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Киргизийн ардын уран зохиолч, Утга зохиолын олон улсын шагналт Султан Раев нарын онцлох зочдыг урьсан бөгөөд Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд нь дэмжин ажиллажээ.

40 дэх удаагийн Номын баяраар юу болох вэ?

20 жилийн түүхтэй 40 дэх удаагийн номын баяраар хэвлэлийн газруудын тусгай гудамж, олон улсын хэвлэн нийтлэгчидтэй хийх B2B уулзалт, Номын гэр дэх мэдлэг солилцох уулзалт, “Номын ертөнц” сэтгүүлийн шинэ дугаарыг түгээх, зохиолч уншигчдын уулзалт зэрэг олны анхаарал татсан үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн уламжлал ёсоор “Мэргэн ном” цом гардуулах, зохиолчдыг дэмжих “Улаанбаатар грант” олгож, гадаад болон монгол зохиолчдын шинэ номын нээлтүүд болно. Нээлтийн ёслолыг маргааш 11:30 цагт Д.Сүхбаатарын талбайгаас МҮОНТВ-ээр шууд дамжуулах юм.

Номын баярын гурван өдөрт зохиолчдын асарт гарын үсэгтэй худалдаа, зураг авхуулах үйл ажиллагаа болох бол гадаад оролцогчдын гудамж, хэвлэх газруудын нээлттэй өдөрлөг, залуу хэвлэн нийтлэгчдийн гудамжинд монгол уншигчдад зориулсан шинэлэг ном бүтээлүүдийг толилуулж, олон улсын хамтын ажиллагааг дэмжсэн хөтөлбөр ч тусгажээ. Мөн “Дүүлэн нис” гудамж, Зурагт номын гудамжны бүтээлч асарт зочилж, хүүхдийн номын уншлага, шатрын нээлттэй тэмцээнд оролцох, ЕБС-иудад уншлага удирдах хуанли түгээхэд хамтран ажиллах, шинэ номын яриа, нээлт, танилцуулгыг биечлэн үзэж сонсох боломжийг олгоно. Хэвлэл мэдээллийн хэсэг, судалгааны явуулын цэг, ховор, хуучин номын худалдаа, төрийн байгууллагын үйлчилгээ, амттай кофе уух явуулын үйлчилгээ, хүнс, үйлчилгээний хэсэг, урлагийн тоглолт гэх мэт ном тойрсон олон талт үйл ажиллагаа болох юм. 

Холбоотой сэдвүүд

ном номынбаяр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.