Сүхбаатар дүүрэгт 300 хүүхдийн хүчин чадалтай сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно

Л.Дэлгэрмаа
03 сарын 31, 2022

Сургууль, цэцэрлэгийн чанар, хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд улсын төсвийн  хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж буй. 

Тэгвэл тус цогцолборын барилга угсралт, тохижилтын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн болжээ. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналт тавьсан энэхүү цогцолборыг “Улаанбаатар барилга” ХХК барьж, ашиглалтад өглөө.

Сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь 300 хүүхдийн хүчин чадалтай. Нийслэлийн ерөнхий боловсролын 131 дүгээр бага сургууль, 216 дүгээр цэцэрлэгийн цогцолбор байдлаар үйл ажиллагаа явуулах юм. 

Цогцолборын A блок нь цэцэрлэгийн зориулалттай, 120 хүүхэд суралцах бөгөөд стандартад нийцсэн анги танхим, ариун цэврийн өрөөг тохижуулжээ. Харин Б блокт 180 хүүхдийн хүчин чадал бүхий бага сургууль үйл ажиллагаа явуулахаар анги танхимыг бэлтгэсэн байна.

Тус цогцолбор ашиглалтад орсноор төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн хүчин чадал нэмэгдэж, харьяа хорооны хүүхдүүдээ хүлээн авах боломж бүрдэх юм.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.