Б.Баясгалан
01 сарын 06, 2020
Засгийн газрын хуралдаанаар өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын байдлаар 421.1 мянган иргэн тэтгэвэр авч байна. Улсын хэмжээнд дундаж тэтгэвэр 376.9 мянган төгрөг байгаа бөгөөд тэтгэвэр авагчдын 53.8 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 270.0-370.0 мянган төгрөг авч байгаа аж.
2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 229.4 мянган хүн 763.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм. Тэд арилжааны банкнаас өрх гэрийн санхүүгийн хэрэгцээг хангах, хүүхдийн сургалтын зардлыг санхүүжүүлэх, бусад зээлийн өр, хүү төлбөрийг төлөх зэрэг зорилгоор зээл авчээ.
Тэтгэврийн зээл, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2016 оноос эхлэн зээлийн хүүг бууруулах шат дараатай арга хэмжээ авч, 1 жил хүртэлх хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг 8 хувиар бууруулж 10 хувьд, 1 жилээс дээш хугацаатай зээлийн хүүг 2.4 хувиар бууруулж 15.6 хувьд хүргэснээс гадна сарын тэтгэврийн 70 хувьд зээл олгох, үлдэх 30 хувийг заавал ахмадуудад үлдээж байхаар шийдвэрлэсэн юм.
Гэсэн ч тэтгэврээс өөр орлогогүй иргэд тэтгэврийн зээл авч, банкны хүү нэмж төлснөөр ядууралд өртөх, санхүүгийн болон сэтгэл зүйн дарамтад орох, зайлшгүй шаардлагатай өдөр тутмын хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрч байна.

Энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх, цаашид тэтгэвэр барьцаалсан зээл олгохгүй байх арга хэмжээг 2020 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэх зөвлөмж гаргасан. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулсан байна.
Төсөлд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэвэр барьцаалан банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг нэг удаа тэглэх харилцааг зохицуулахаар тусгасан байна. Тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар бүрдүүлэх аж.
Салхитын мөнгөний орд нь 808.3 тонн мөнгө, 1117.1 кг алтны нөөцтэй бөгөөд урьдчилсан тооцооллоор цэвэр ашиг нь 1 их наяд 50.4 тэрбум төгрөг болохоор байгаа юм.
Хуулийн төслийг УИХ-аар нэн яаралтай горимоор хэлэлцэнэ.
Төсөл батлагдсанаар иргэддээ байгалийн баялаг ашигласнаас олох орлогын өгөөжөөс хүртээх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 6.2 дахь заалт хэрэгжих, ахмадууд тэтгэвэр барьцаалсан зээлийн өрөөс чөлөөлөгдөх, цаашид дахин тэтгэврийн зээлийн дарамтад өртөхгүй байх ач холбогдолтой юм.
г.занданшатар с.чинзориг тэтгэврийн зээл тэглэх хуулийнтөсөл
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.9.46.75] ・ 2020.01.07 Хариулах
Тэтгэврийн үнэгүй боловч орон сууцны зээлтэй ахмад настны хүүхэд төлсөн мөнгийг нь үндсэн зээл төлснөөр тооцох. Эсвэл үлдсэн зээлийн 50 хувийг тэглэх саналтай байна. Ингэснээр төрөөс бус өөрийн төлсөн мөнгөө зөв хуваарилуулж хөнгөлөлт эдлэх боломжтой гэсэн үг
Зочин [66.181.161.123] ・ 2020.01.06 Хариулах
ХНХЯамны ажлын хэсэгт жаахан эрүүл сэтгэлгээтэй хүн байна уу. Бүх ахмадууддаа адилхан хувааж өгөх хэрэгтэй шдээ
Санал болгох
1 A.Uilstuguldur: It is time for the world to consider what an immense positive impact would be made if the $2.9 trillion spent by nations on military and armaments were instead dedicated to Earth
2 Mongolian Nature Legacy Foundation Signs MoUs with Khan Bank and Golomt Bank to Advance Conservation and Sustainable Finance
3 Монголын Байгалийн өв сан Хаан, Голомт банкуудтай тогтвортой санхүүжилт чиглэлээр хамтран ажиллах санамж байгууллаа
4 Global Science-Policy Nexus Takes Center Stage as UNCCD COP17 Hosts Joint CST and CRIC Session in Ulaanbaatar
5 Minimum Monthly Wage Increases Up to One Million Togrogs