"Нэг эх үүсвэр"-ийн аргаар эм худалдан авахад 23.5 ТЭРБУМ төгрөгийг хэмнэх боломжтой

Н.Жавхлан
04 сарын 28, 2025

Монгол Улсын Засгийн Газраас журам баталж эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, зонхилон тохиолддог өвчний эмчилгээнд зориулагдсан эмийн үнийг тогтворжуулах бодлогын хүрээнд “Нэг эх үүсвэр”-ийн эмээр хангаж эхэлсэн.

Одоогоор "Dongkoo Bio & Pharm" үйлдвэрээс 5, "CKD" үйлдвэрээс 4, "Hanmi pharm" үйлдвэрээс 5, "Hanlim pharm" үйлдвэрээс 4, нийт 18 төрлийн эм импортлохоор үнийн хэлцэл хийсэн. "Yuhan corporation", "Hanmi pharm", "Korea United Pharm" зэрэг үйлдвэрүүдтэй хавдрын хими эмчилгээний 20 гаруй нэр төрлийн эм тариаг импортлох боломжийг нээхээр үнийн хэлцэл хийж, эхний ээлжид Korea United Pharm үйлдвэрийн 5 нэрийн хими эмчилгээний тариаг импортлон энэ дөрөвдүгээр сараас эхлэн Хавдар судлалын үндэсний төвийн эмчилгээнд нэвтрүүлээд байна.

Үүнтэй холбогдуулан “Нэг эх үүсвэр”-ийн эм хэрхэн хэрэгжиж, иргэдэд хүрч буй талаар ЭМЯ-аас нэгдсэн мэдээлэл хүргэлээ.

ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн бодлогын хэлтсийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгч Л.НАМХАЙНОРОВ:  “БНСУ-ын  үйлдвэрлэгчдэд Гадаад хэргийн яамаар дамжуулж хүсэлт өгсөн. Ингээд БНСУ дахь Монгол Улсын элчин сайдын яамаар дамжиж эм үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзсан. 

Тэнд эм үйлдвэрлэгчдийг цуглуулж уулзаж, худалдан авалтын бодлогоо танилцуулсан. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай гадаад улсын үйлдвэрлэгчээс нэг эх үүсвэрийн аргаар тус 4 эмийг худалдан авахад 23.5 ТЭРБУМ төгрөгийн хэмнэлт хийх боломжтой” хэмээн онцлов. 

Харин ЭМДЕГ-ын дарга С.ЭНХБОЛД: 


 “ЭМДЕГ-тай гэрээ хийсэн 1500 орчим эмийн санд хөнгөлөлттэй эм олгож, санхүүжилтийг нэхэмжлэлээр нь олгодог. 

Жил бүр даатгалын сангийн 7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмд зарцуулж байна.

Энэ жил Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар УИХ-аар батлагдсан 2.5 их наяд төгрөгийн төсвийн 135 тэрбум төгрөг нь хөнгөлөлттэй эмд зарцуулагдана. 

Хүний эмийн зөвлөлөөр зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан, манай улсад бүртгэлтэй, жороор олгодог эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж, баталдаг” гэсэн юм.

Холбоотой сэдвүүд

эм эмд эмя

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.