Монголын уран зургийн галерей “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын алтан санд шалгаруулан авах журам”-ын дагуу энэ удаа ээлжит шалгаруулалтаа явуулж “Дүрслэх урлагийн оны шилдэг бүтээл -2021” -ээр зураач, барималч Б.Орхонтуулын “Өртөө” бүтээл шалгарчээ. 

Бүтээлийн шалгаруулалтад 83 уран бүтээлчийн 100 гаруй бүтээлийг хэлэлцэн шалгаруулж, шилдэг бүтээлийг нийт 10 сая төгрөгөөр худалдан авсан байна. Б.Орхонтуул “Өртөө” бүтээлдээ  нүүдэлчдийн зан үйлээр нас барсан хүнийг оршуулахдаа эсгийнд ороож тавьдаг зан үйлийг тусгажээ. Үүгээр дамжуулан зураач хүний хорвоод мэндлэх хийгээд орчлонгоос одох жам ёсыг илэрхийлсэн байна.

Энэ тухайгаа тэрбээр: 

“Өртөө” бүтээл бол манай нүүдэлчдийн нас барсан хүнээ оршуулах зан үйлийг харуулсан хэлбэр. Бид эсгийнд ороож оршуулдаг. Хөл хэсгийг нь эсгийнд ороосон. Бид хүн нас бараад дахин төрдөг бол хаагуур яваад, хаана очиж оюун санаагаа цэвэрлүүлээд эргэж төрдөг гэдгийг би мэдэхгүй учраас биеийн дунд хэсгийг хоосон орон зайгаар илэрхийлсэн. Толгой хэсгийг нь эргээд хүүхэд төрж байгаагаар илэрхийлсэн. Төрж байгаа хүүхдийг сахин хамгаалж байгаа бурхан шиг харагдах шонхор шувуу 2 чихээ соотойлгоод сууж байгаа. Аливаа араатан амьтан хамгийн сонор сэрэмжтэй үедээ чихээ хөдөлгөдөг. Амьтны чих хөдөлж байхад асар өндөр түвшинд сонор сэрэмжтэй байж, шинэ хүн мэндэлж байхад хамгаалж байгаа гэсэн үг. Мөн могойг шувуу савраараа базсан байгаа. Энэ нь аливаа ад чөтгөрөөс хүүхдийг хамгаалж байгаа гэсэн санаа. Хүүхдийн дүрийн ар талд нэгэн хийсвэр дүр хийж өгсөн. Энэ нь хүн эхээс төрөхдөө өөрийн гэсэн хувь тавилантайгаа төрдөг гэж гэсэн өвөг дээдэс маань ярьдаг. Ер нь сэтгэлгээний талын сюрреалист бүтээл гэж хэлж болно гэлээ.

Бичлэг үзэх:

Эх сурвалж: A24 News Agency