Залуучуудыг эх орондоо хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой “Карьер Экспо-2019” хөдөлмөрийн яармаг энэ сарын 9-нд болно. Тус яармагийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өнгөрөгч онд зохиогдсон “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” уриатай хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт гадаадад сургууль төгссөн мэргэжилтэй 1100 гаруй залуус хамрагдаж, 510 орчим залуус сонирхсон ажлын байранд бүртгүүлснээс 70 залуу шууд ажилд оржээ.

Энэ жилийн хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн их танхимд арваннэгдүгээр сарын 09-ний өдрийн 12.00-16.00 цагийн хооронд зохион байгуулагдана. 

Энэ үеэр Монгол Улсын хэмжээнд 50 орчим үндэсний томоохон хэмжээний аж ахуй нэг, байгууллагын 500 гаруй нээлттэй ажлын байр зарлагдах бөгөөд 15-34 насны ажил идэвхитэй хайж буй залуус хамрагдах боломжтой.

Энэ талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуул ”Энэ жилийн “Карьер экспо-2019” хөдөлмөрийн яармагийн онцлог нь төр хувийн хэвшлийн түншлэлийг оролцуулж, гадаадын их дээд сургууль төгссөн залуучуудын нэгдсэн зөвлөлтэй хамтран төрийн байгууллагууд ажиллаж байгаагаараа онцлог болж байна. 

Түүнчлэн  гадаад, дотоодын сургууль төгссөн гэж  ялгалхгүй, ажил хайж буй амьдралаа дээшлүүлэх хүсэлтэй бүх залуучуудад “Карьер экспо-2019” арга хэмжээ нээлттэй. Бид мэргэжлийн боловсролын үнэлгээний төвтэй хамтарч дотоод гадаадад сургууль төгссөн мэргэжлийн үнэмлэхгүй ч, ур чадвар өндөр, гүйцэтгэл сайтай залууст мэргэжлийн боловсролын үнэмлэхийг олгохоор шийдвэрлэсэн. Тиймээс залуус үзэсгэлэн яармагт өргөнөөр оролцож, ур чадвараа үнэлүүлснээр шалгалт өгч, сурахгүйгээр мэргэжлийн үнэмлэхтэй болох боломжтой юм” хэмээн уриаллаа.  

Мөн нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, төвийн зургаан дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй 3000 орчим ажлын байрны танилцуулгыг тараах аж.


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс