Улсын онцгой комисс өнөөдөр дахин хуралдаж, шийдвэр гаргалаа.

Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Ерөнхий сайдын санаачилгаар 0-5 насны 3-аас дээш хүүхэдтэй эхчүүдийг 3 дугаар сарын 30-ныг хүртэл гэрээс нь цахимаар ажиллуулах, эсвэл хүүхдээ харах цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэлээ" хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл Улсын онцгой комисс мэдээлэл хийснийхээ дараа уг асуудлыг дахин хэлэлцэн хүүхдийн насыг өөрчилж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд буюу 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгав.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Шинэ коронавирус илэрсэн Францын иргэн энэ сарын 2-нд "Аэрофлот"-ын онгоцоор Улаанбаатарт ирсэн. 2-6-ны өдрүүдэд Улаанбаатарт байж байгаад Сайншанд чиглэлийн галт тэргэнд сууж, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд машинаар очсон. 07-ны өдрийн үдээс хойшоос бие нь эвгүйрхэж, эмнэлэгт үзүүлэхэд халуун нь 37.4 байсан. Маргааш өглөө нь халуун нь 38 болсноор ХӨСҮТ рүү шинжилгээг нь явуулсан. Шинжилгээний хариу өнгөрсөн шөнө эерэг буюу коронавирустэй гарсан. 

Тус хүн Улаанбаатарт 40 гаруй, орон нутагт 80 гаруй хүнтэй шууд уулзсан байна. Нэгдүгээр хавьтлын хүмүүсийг олж, ХӨСҮТ-д тусгаарлаж байна. Шинжилгээний хариу 24 цагийн дараа гарна.

ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг хоёр машинтай, мэргэжлийн тоног төхөөрөмжтэй өглөөний 04.00 цагт Улаанбадрах сум руу явсан. Тухайн хүн гурван өдөр халуурсан учир биеийн байдал нь сайн гэж хэлэхгүй. Мэргэжлийн баг очоод эрүүл мэндийн байдлыг мэдээллэнэ" хэмээлээ.