Таксины жолооч галаас хоёр хүүхдийн амь аварсан ачтай үйл хийжээ.

Энэ сарын 5-ны 04.00 цагийн орчимд хувийн автомашинаар такси үйлчилгээ эрхлэгч иргэн монгол гэрт гарсан гал түймрээс 6,7 насны хоёр хүүхдийн амийг аварчээ.

Сайн үйлийг хийсэн залууг н.Хишигдалай гэдэг бөгөөд эхнэр хүүхдийн хамт амьдардаг аж. Түүнтэй холбогдож тодруулахад,

"Энэ сарын 4-5-ны шилжих шөнө Хайлаастад хүн буулгаад явж байсан юм. Хариултыг нь өгчихөөд хөдлөх гэтэл "Амь авраарай" гэж уйлалдсан чимээ гарсан. Хартал өөдөөс харсан хашаан дахь гэрийн тооноор улаан гал дүрэлзэж байсан. Үйлчлүүлж байсан хүнтэйгээ хоёулаа сандраад ороход яг өмнөөс нь 14 настай эгч нь бага дүүгээ аваад гарсан. Гэрт 2 хүүхэд тэврэлдээд уйлчиж байхыг хараад маш их сандарсан. Шууд хөнжилд нь ороож гараад гал команд дуудсан. Машиндаа суулгаад байж байтал аврагчид тэр дороо ирсэн. Монгол гэр яахын зуургүй шатчихдаг юм билээ. Ийм л зүйл болсон, өөрийн хүүхдээс дутахгүй нялх үрсийн амийг аварсандаа баяртай байна. " гэлээ.