Монголын рок поп урлагийн амьд домог "Харанга" хамтлаг үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Тус хамтлаг ойгоо тохиолдуулж, "Харанга 30 жил-Замд гаръя" тоглолтоо 10 дугаар сарын 19-нд Буянт ухаа цогцолборт хийнэ. Мөн шинээр багц дөрвөн CD, хос пянз цомог гаргаж, тоглолтынхоо үеэр Харанга хамтлагийнхны түүхэн гэрэл зураг, хөгжим хэрэглэлийг дэлгэсэн үзэсгэлэн, 14 хоногийн реалити шоу зохион байгуулж, сонсогч фенүүддээ бэлэг барихаар болжээ.

Энэ талаар Харанга хамтлагийн гишүүд, тоглолтыг зохион байгуулах багийнхан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Мэдээллийн эхэнд Харанга хамтлагийн ахлагч, МУГЖ Ц.Энхманлай "Ардчиллын салхи дөнгөж сэвэлзэж байсан 1989 оноос хойш өнөөдрийг хүртэл 30 жил өнгөрчээ. 30 жилийн ой бол зөвхөн Харанга хамтлагийн биш, Харангыг сонсдог бүх хүний баяр юм. Бид тоглолтынхоо үндсэн агуулгыг "Эв эеийг хичээсэн 30 жил" гэсэн хүрээнд хийж буй. Учир нь анхныхаа бүрэлдэхүүнээр 30 жил болсон хамтлаг Монгол төдийгүй дэлхийд гарын таван хуруунд багтахаар байдаг. Энэ утгаараа эвтэй, зорьсон зорилгодоо үнэнч байвал ямар амжилтад хүрч болдогийг бид залуучууддаа харуулсан гэж бодож байна" хэмээлээ.

Тус хамтлагийн гитарчин, МУУГЗ Ц.Чулуунбат "Харанга хамтлагийг гурван үеэрээ сонсдог гэсэн яриа байдаг. Тиймээс энэ 30 жил бол бид бүхний хамтын баяр учир хамтдаа тэмдэглэхийг зорьсон. Буянт-Ухаа цогцолборт ганцхан удаа тоглоно. Хамтдаа гэдэг утгаараа монголын рок попын хамгийн шилдэг хөгжимчид, дуучид бидэнтэй хамтарч дуулна. Гэхдээ хэн, ямар дуу дуулах вэ гэдэг нь сюрприз. Тоглолт олон цаг үргэлжлэх тул үзэгчид хүссэн үедээ хооллох, ус ундаагаа уух, Харангын клип, хувцасыг худалдаж авах, клип, үзэсгэлэнг үзэх зэрэг үзэгчдийн чөлөөт байдалд бид нэлээд анхаарч байгаа. 

Нэг гол зүйл нь Харангын логотой нийтийн тээврийн 10 гаруй автобус Улаанбаатарын нэг төв цэгээс Буянт Ухаа цогцолбор хүртэл өдрийн 12.00 цагаас шөнийн 12.00 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ. Үзэгчид тоглолтын тасалбараа үзүүлээд үнэгүй зорчино. СD-нүүдээ шинэчилж гаргасан. Мөн "Best of Kharanga" нэртэй хос пянзны цомог, Харанга хамтлагийн үзэсгэлэн гаргаж байна. Ойгоо тохиолдуулж энэ мэт олон зүйлийг хийж, хамтдаа тэмдэглэхээр чармайж, мөрөөдөж, бүтээж явна" гэв.

Мөн мэдээллийн үеэр найруулагч, МУУГЗ Г.Цоггэрэл Харанга хамтлаг үүсгэн байгуулагдсан болон уран бүтээлийн түүх, дурсамжуудыг хуваалцсан юм. Тэрээр "Би бол Харанга хамтлагийг сонсдог олон мянган фенүүдийнх нь төлөөлөл. 30 жил гэдэг бага хугацаа биш. Анхны бүрэлдэхүүнээрээ одоог хүртэл уран бүтээлээ хийж буй хамтлаг дэлхийд ховор. Тиймээс Харанга өөрөө амьд домог. Монгол орон даяар нийгмээ өөрчилж, зах зээлийн эдийн засагт шилжиж, ардчилал хөгжсөний 30 жилийн ойг тэмдэглэж байхад Харанга хамтлаг 30 жилийн ойгоо тэмдэглэж буй нь холбоотой. Ер нь дэлхийд нийгмийн, оюун санааны том том өөрчлөлтүүдэд рок хөгжим ихээхэн нөлөөлсөн байдаг. Үүн шиг Монгол залуусын оюун санаанд, эрх чөлөөг эрхэмлэх үзэлд Харангын дуунууд, дууны үг, ая хэмнэл нөлөөлсөн.  

30 жил гэж ярьж буй ч ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн дэргэд 1978 онд "Соёмбо" гэдэг хамтлаг байгуулж байсан. Үүнд Харанга хамтлагийн ихэнх гишүүн байсан бөгөөд энэ үед Харангын суурь тавигдсан гэж үзвэл 41 жил болж байна. Яагаад 30 жил гэж ярьж байна вэ гэхээр 1989 онд УДЭТ-ын дэргэд Харанга гэдэг нэрээрээ байгуулагдаад, "Амьдрал" гэдэг алдарт тоглолтоо хийсэн. Энэ үеэс 30 жилээ тоолж буй юм. Дэлхийн стандартад нийцсэн анхны CD, анхны видео клипыг гаргасан гэх зэрэг Харангатай холбоотой Монголын анхны зүйлсыг нэрлэвэл олон. Алдар хүндээ хадгалж яваа 30 жил гэдэг бол гайхамшигтай авъяас, чадвар, бусдад үлгэр жишээ болох эв нэгдлийн илэрхийлэл юм. Энэ хамтлаг Монголын орчин цагийн хөгжмийн амьд түүх, амин сүнс, бэлгэдэл нь. Үүнтэй хэн ч маргахгүй байх" гэдгийг онцлон хэлсэн юм.

"Харанга 30 жил-Замд гаръя" тоглолт 10 дугаар сарын 19-нд 15.00 цагаас Буянт Ухаа цогцолборт эхэлнэ. Завгүй, замын түгжрэл ихтэй энэ үед үзэгчдийн цаг завыг хэмнэх зорилгоор тоглолтын тасалбарыг https://www.ticket.mn/ сайтаар худалдаалж буй аж. Тасалбар гурван төрөл бөгөөд цогцолборын голд зогсоо үзэх, суудалгүй тасалбар нь 30.000 төгрөг, тайзанд хамгийн ойр байрлаж буй хэсгийн суудлууд 60.000 төгрөг, тайзнаас арай зайтай суудлуудын тасалбар 40.000 төгрөгийн үнэтэй байна. Мөн Hi Fi shop, Сансарын Emart худалдааны төв, Шангрила mall, UB palace зэрэг газруудад тасалбарыг худалдаалж эхэлжээ. 

Мөн Харанга хамтлаг ойгоо тохиолдуулан Боловсрол суваг телевизтэй хамтран 10 дугаар сарын 04-нөөс эхлэн 14 хоногийн хугацаатай реалити шоу нэвтрүүлэг хийхээр болжээ. Шоу нэвтрүүлэг тус өдрүүдийн орой бүр оргил цагаар цацагдах бөгөөд сонирхолтой олон үйл явдал гарах аж.

Рок хамтлагтай болох нь бидний багын хүсэл байсан. Энэ хүсэл маань 1989 онд биелсэн. Мөрөөдлийнхөө замд бид нийлээд 40 жил хамтдаа явж байна

Харанга хамтлагийн дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэн: Бид хамтраад 40 жил болж байна. Тоглолт сайхан болно гэж итгэж байна. Олон хүн ирж олон гоё зүйлс үзээсэй гэж бодож байна

"Тоглолтыг хаана, яаж хийх үү гэдгээс эхлээд хагас жил ярьж, бэлдсэн. Дуугаралт, харагдах байдал зэрэг нь тайзнаас алслагдсан суудалд ч ижил түвшинд чанарын өндөр түвшинд хүрнэ" гэдгийг тоглолтын найруулагч н.Анар онцлов.

Харанга хамтлагийн 30 жилийн ойн тоглолтод оролцох хамтлаг, дуучид:

  • Хурд
  • Нисванис
  • Madness
  • Lemons
  • A sound
  • Fire
  • Lumino
  • Чингис хаан
  • Niciton
  • Т.Ариунаа /МУГЖ/
  • Б.Сарантуяа /МУГЖ/
  • С.Наран
  • Чойжоо
  • Отгоо
  • Ука
  • Big Gee нарын уран бүтээлчид оролцоно.