Мэдээллийн технологийн анхдагч болж “Айтүүлс” компани Монголын хөрөнгийн зах зээлд анх удаагаа хувьцаагаа гаргаж байгаагаа албан ёсоор зарлалаа. Тус компани Хөрөнгийн биржээр дамжуулан компанийхаа 38.9 хувийг арилжаалахаар болсон байна.  

“Айтүүлс” компани нийт 1.3 тэрбум төгрөгийн хувьцааг олон нийтэд санал болгож буй. Нэгж хувьцааны үнэ нь 100 төгрөг юм.

Айтүүлс ХК-ийн хувьцааг худалдан авах захиалгын хугацаа 11 дүгээр сарын 1-10-ний өдрийн хооронд байх ба захиалга авах хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 10-ны 13:00 цагт хаагдах юм. Энэхүү олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө тус компани дата төвийн үйлчилгээгээ тэлж, газарзүйн нөөц байршил болох Дархан хотод “Модуляр дата” төвийн паркийг байгуулахаар зорин ажиллаж байна.

Айтүүлс ХХК нь 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд үндсэн үйлчилгээ нь интернэтийн технологид суурилжээ. Үүний дагалдах үйлчилгээ болох домэйн нэрийн бүртгэл, и-мэйл зэрэг 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг.  Монголын цахим хуудсын 62.3 хувь буюу дийлэнх хэсэг нь гадаад дата төвүүдэд байршдаг бөгөөд үүнд таван сая ам долларыг гадагшаа урсгадаг гэсэн тооцоо бий. Дархан дахь энэхүү дата бааз ашиглалтанд орвол мэдээллийн технологийн зах зээлд импортыг орлуулж цаашлаад экспортлох боломж ч байгаа ажээ. Одоогоор тус өргөтгөлийн ажил нь 30 хувьтай байгаа талаар тус үүсгэн байгуулагч А.Баттөмөр  ярьлаа.