Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 8.556.000 хүн өвчилж, 455.000 хүн нас баржээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 124.000 хүн коронавирусээр өвчилж, 4.000 гаруй хүн нас барсан байна. 

Манай улсын олон аймагтай хил залгадаг Буриад, Эрхүү, Тува, Чит мужид өвчлөл сүүлийн хоногт 21-122 тохиолдлоор нэмэгдэж, өвчлөлийн эрч буурахгүй, тууштай нэмэгдэж байна. 

Манай улсын хувьд өчигдөр 297 хүн ажиглалтад орж, 216 хүн ажиглалтаас гарсан. Одоогийн байдлаар ажиглалтад нийт 1719 хүн байна. Өчигдөр орой БНСУ-аас тусгай үүргийн нислэгээр нийт 266 хүн ирсэн. Үүнд бага насны хүүхэдтэй 41, ахмад настан 16, жирэмсэн эмэгтэй 13, эрүүл мэндийн шалтгаантай 31 хүн ирсэн. Нэг хүнийг ХӨСҮТ-д, 32 хүнийг Цэргийн төв эмнэлэгт, бусад хүнийг нь зочид буудлуудад тусгаарласан. Тэдэнд 39 реседэнт эмч, 34 их эмч эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна" хэмээлээ.

Мөн тэрээр "ДЭМБ, эрдэмтэн судлаачид коронавирусийн эсрэг сайн вакцин гартал бүх хүн шинэ хэв маягаар амьдрах ёстой. Гараа угааж, амны хаалт зүүж, хүн хоорондын зайг барих нь өөрийгөө болон хайртай хүмүүс, эх орноо хамгаалж байгаа үйлдэл гэдгийг хүн бүр ухамсарлаж, хэвшүүлэх шаардлагатай байна" гэдгийг онцлон хэллээ.