НҮБ: Хүүхдийг жилийн аль ч улиралд хурдан морь унуулж уралдуулахыг эсэргүүцэж байна

Л.Дэлгэрмаа
01 сарын 31, 2025

Засгийн газрын 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан болон бэлтгэл уралдаан зохион байгуулахыг хориглох тухай тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гаргаж, хаврын хурдан морины уралдааныг зохион байгуулах эсэхийг орон нутгийн удирдлагад шилжүүлэх тухай мэдэгдсэн билээ. 

Тэгвэл тус шийдвэрийг Монгол Улс дахь НҮБ эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Учир нь хурдан морины уралдаан нь унаач хүүхдэд онцгой эрсдэл учруулдаг. Хүүхдийг аливаа аюул, эрсдэлээс ямагт хамгаалах ёстой. Хүүхдийн эрхийг зөрчиж, амь нас, эрүүл мэндэд нь ноцтой эрсдэл учруулж болох энэхүү шийдвэрээ эргэн харахыг уриалж байна хэмээн мэдэгдэл хүргүүлжээ. 

Тус мэдэгдэлд, “Монгол Улс нь НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт зэрэг олон улсын хүний эрхийн тухай суурь гэрээ, конвенцод нэгдсэн орсон НҮБ-ын гишүүн улс болохын хувьд хүүхдийн эрхийг хамгаалах, сурталчлан таниулахдаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн байдаг. 

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай 182 дугаар конвенцод Монгол Улс нэгдсэн орсноос хойших хорь гаруй жилийн хугацаанд монгол хүүхэд бүрийг хүүхдийн хөдөлмөрөөс, тэр дундаа аюулгүй байдал, эрүүл мэнд, ёс суртахуунд нь хохирол учруулж болзошгүй бүх төрлийн хөдөлмөр эрхлэхээс хуулийн хүрээнд хамгаалсан юм. Эдгээр олон улсын хэм хэмжээг Монгол Улсын дотоодын хууль тогтоомждоо тусгасан бөгөөд үүний дотор хүүхдийг хүчирхийлэх, мөлжихийг хориглодог Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг дурдаж болно.

НҮБ-ын Монгол Улс дахь удирдлагын баг нь НҮБ-ын Хүний эрхийн шинжээчдээс ирүүлсэн удаа дараагийн ажиглалт, зөвлөмжид үндэслэн 2019 оны 12 сарын 20, мөн 2021 оны 7 сарын 2-нд мэдэгдэл гаргаж, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад албан захидал хүргүүлж байсан. 

Хурдан морины уралдаан нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулдгийг санан, Монгол Улсын Засгийн газрыг 18-аас доош насны хүүхдийг жилийн аль ч улиралд хурдан морь унуулж уралдуулахгүй байхыг хууль тогтоомж, зохион байгуулалтын үйл ажиллагаандаа тусган, шаардлагатай бүхий л арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэхийг Нэгдсэн Үндэстний Байгууллагаас хүсэж байна. 

Монгол Улсын Засгийн газар, орон нутгийн засаг захиргаа, эцэг эх, асран хамгаалагч, морины эзэд, уяач, бизнес эрхлэгч, олон нийтэд хандан Монгол Улсын хүний эрхийн олон улсын гэрээний дагуу хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхийг уриалж байна. Монгол Улс дахь НҮБ нь Монгол Улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс хэрэгжүүлж буй Монголын бүх хүүхдэд сайн сайхан ирээдүйг бий болгож, тэдний эрхийг хамгаалахад чиглэсэн аливаа санаачилга, хүчин чармайлтыг дэмжиж ажиллахдаа хэзээд бэлэн байх болно.” гэжээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.