Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх хүрээнд хатуу хөл хориог тогтоохгүйгээр халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлого баримталж байна.

Гамшгийн үеийн бэлэн байдлын улбар шар түвшинд шилжсэн энэ үед Эрдэмтдийн багийн хийсэн эрсдэлийн үнэлгээний судалгаагаар халдвар ихээр тархаж буй зарим салбарын аж ахуй нэгжүүдийг тогтоосон. 

Тиймээс халдвар тархах өндөр эрсдэлтэй зарим аж, ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж, тодорхой цагийн зохицуулалт хийж цаг үеийн нөхцөл байдалд тулгуурлан уян хатан ажиллах саналыг Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.

Ирэх тавдугаар сарын 01-ний дотор нийслэлийн иргэдийг вакцинжуулж дуусгах, амралтын өдрүүдэд хатуу хөл хорио тогтоож, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд тандалт судалгааны өргөтгөсөн баг ажиллаж, хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гэрээр эмчлэх ажилд онцгой анхаарахыг Шадар сайд холбогдох албаныханд даалгалаа. УОК-ын Шуурхай ажлын хэсгээс гаргасан саналыг Засгийн газар эцэслэн шийдвэрлэнэ гэж Шадар сайдын албанаас мэдээллээ.

Коронавирусийн тохиолдол нэмэгдсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яам өнгөрсөн даваа гарагт хуралдаж, дөрөвдүгээр сарын 03-18-ны хооронд хатуу хөл хорио тогтоох санал гаргасныг УОК дэмжсэн юм. Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ гэсэн хүлээлт байсан. Тэгвэл УОК уг саналаа өөрчилж, хөл хорио тогтоохгүй байх дээрх саналыг өнөөдөр Засгийн газарт оруулжээ.