Их Британийн нийслэл Лондон хотын нийтийн тээврийн сүлжээнд түргэн хоол сурталчлахыг хориглох шийдвэр өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн байна.

Найрлагадаа өөх тос, давс, элсэн чихэр зэргийг ихээр агуулсан хоол хүнс болон ундааны зурагт хуудсуудыг метро, автобус, автобусны буудал зэрэг газраас буулгах ажлыг даваа гарагт эхлүүлжээ.

Гэсэн хэдий ч зарим компани сурталчилгааны урт хугацааны гэрээ байгуулсантай холбоотойгоор тэдгээр компанийн эрүүл бус хоол хүнсний сурталчилгааг түр хугацаанд хэвээр үлдээх гэнэ.

Лондон хотын захирагч Садик Хан хэлэхдээ, бага насны хүүхдүүдийн таргалалтын эсрэг авч хэрэгжүүлж буй чухал арга хэмжээ энэ болно гэжээ. Харин Зар сурталчилгааны холбооны мэдэгдэлд тэмдэглэснээр, нийгмийн олон асуудлаас үүдэлтэй таргалалтад сурталчилгааны оруулах хувь нэмэр бага байдаг ажээ.

Түргэн хоолны сурталчилгааг хориглох тухай төлөвлөгөөг өнгөрсөн оны тавдугаар сард олон нийтэд анх танилцуулж байсан юм. Энэ талаар цахим сүлжээгээр явуулсан санал асуулгын дүнд 1500 оролцогчийн 82 хувь нь дэмжсэн хариулт өгч байжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, BBC