“Төмс муу, цагаан гурил хэрэглэж болохгүй” гэж хэт туйлшрахгүй ямар ч хүнсийг хэмжээг нь тохируулж идэх чухал

Сүүлийн үед олон нийтийн дунд зонхилж буй хооллолтын хэв маяг, хандлагын талаар Хоол зүйч, доктор, дэд профессор М.Пүрэвжавтай ярилцлаа.


БИЧЛЭГ ҮЗЭХ: 


ШАР ТОС ЦӨС ЯЛГАРАЛТЫГ ӨДӨӨДӨГГҮЙ, ЭСРЭГЭЭРЭЭ ӨВЧЛҮҮЛЭХ ЭРСДЭЛТЭЙ

Хэдхэн жилийн өмнө хүмүүс юу идэхээ тоодоггүй байлаа. Тэр нь тухайн үедээ зөв байжээ. Байгаа зүйлээ л иддэг, уудаг байхад хоол хүнстэй холбоотой асуудал үүсдэггүй байлаа. Харин одоо янз бүрийн химийн нэгдэлтэй хүнс хаа сайгүй болчихлоо. Байгалийн гэхээс илүү синтетик, нэмэлт бодис ихтэй бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байна. Үүний улмаас хоол хүнснээс үүдэлтэй өвчлөл түгээмэл болжээ. Үүнийг дагаад мэргэжлийн бус зөвлөгөө өгдөг хүмүүс олширч иргэд ямар хүнс хэрэглэхээ мэдэхгүй төөрөгдөл үүсэх тохиолдол ч гарч байна. 

Тухайлбал, өглөө юм идэхээсээ өмнө халбага шар тос л идчихвэл цөсний ялгарлыг дэмжинэ гэх буруу ойлголт олны дунд бий. 

Шар тос бол яах аргагүй монголчуудын уламжлалт хоол хүнсний нэг, зарим үед эм тантай ч зүйрлэдэг. Гэхдээ тос л бол тос гэдгийг хэлье. 

Монголчуудын өөх тосны хэрэглээ өндөр байдгаас зүрх судасны өвчин, цус харвалт, таргалалт, цөс үрэвсэх зэргээр өвчлөх нь их байдаг.  Тухайлбал, маслотай талх, сүү, тараг, сүүтэй будаа, бантан зэргийг өглөөний цайнд түгээмэл иддэг. Эдгээр хоолонд өөх тос тодорхой хэмжээгээр агуулагдаж байдаг. Ийм байхад ахиад өөх тос хэрэглэх нь хар ухаанаар бодоход л тохиромжгүй сонсогдож байгаа биз? Өглөөд зөвхөн шар тос уувал цөсний ялгаралтыг өдөөдөг гэдэг нь худал. 

Өлөн элгэн дээрээ тостой хүнс хэрэглэх нь цөсөө улам л цочроох аюултай. Иймд энэ мэт буруу зуршил, хэрэглээнээсээ эртхэн салах нь өөрт тань тустай. 

Лемонтой ус ходоодыг цочроох сөрөг үр дагавартай… 

Жингээ хасна, гэрэлтсэн, толигор арьстай болно гээд эмэгтэйчүүд өлөн элгэн дээрээ лемонтой ус их уудаг. Бүр алимны цуутай ус уух сайн гэж ярьж байхыг ч сонссон. Гэхдээ өглөө юу ч идээгүй, хоосон ходоодтой байхдаа лемон, алимны цуутай ус ууж болохгүй. Энэ нь ходоодыг цочроож, цөсийг үрэвсүүлэх аюултай.

Тэр байтугай дөнгөж өглөө хар кофе уух нь тохиромжгүй байдаг. Тиймээс өглөө өлгөн элгээ тайлах хамгийн зөв, хялбар арга бол буцалсан бүлээн ус уух юм.

      СҮҮ, ЦАГААН ИДЭЭ БОЛ КАЛЬЦИЙГ НӨХДӨГ ЦОРЫН ГАНЦ БҮТЭЭГДЭХҮҮН 

Сүүлийн үед хүмүүс сүү, цагаан идээнээс татгалзах хандлагатай болжээ. Тэр байтугай “Сүү уух нь эрүүл мэндэд муу” гэж ярьдаг болсон байна. 

Тухайлбал, би өөрийн цахим хуудастаа сүү, цагаан идээний ашиг тус, хэрэглээний талаар бичихээр сэтгэгдэл хэсэгт нь “Монголд цэвэр сүү байхгүй, монголчууд сүү ууж болохгүй” гэдэг.

Манай улс мал аж ахуйн орон шүү дээ. Бид бэлчээрийн малын сүүтэй. Зөвхөн сүү, сүүн бүтээгдэхүүнээс л бид кальциа нөхөх боломжтой байдаг. Тийм ч учраас дэлхийн улс орнууд өдөрт 1-2 нэгж сүү сүүн бүтээгдэхүүнийг сургуулийн сурагчдадаа уулгадаг. Кальци бол хүүхдийг ясыг төлжүүлж, бат бэх болгоход хамгийн чухал үүрэгтэй. Үүгээр зогсохгүй цус бүлэгнэлтээс урьдчилан сэргийлэх, мэдрэлийн импульсыг зөөвөрлөхөд кальци чухал байдаг. Тэгэхээр сүү, цагаан идээг зайлшгүй хэрэглэх ёстой. 

Зарим хүн хүүхдэдээ сүү, цагаан идээ авч өгөх гэхээр үнэтэй байна гэдэг. Тэгсэн атлаа өдөр алгасахгүй хүүхдэдээ хийжүүлсэн ундаа, чипс, амттан авч өгөх нь бий. Эргээд харвал эдгээр нь сүү, тарагнаас ч үнэтэй байдаг. 

ЦАГААН ГУРИЛ БОЛОН ТӨМС: ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭВЭЛ ХОРТОЙ, МУУ ХҮНС ГЭЖ БАЙХГҮЙ 

Олон нийтийг төөрөгдүүлдэг бас нэг ойлголт нь төмс, цагаан гурилыг идэж болохгүй гэдэг. 

Төмс бол зүрхний үйл ажиллагаанд эергээр нөлөөлдөг гэдэг нь нотлогдчихсон. Дэлхийн зүрхний эмч нарын холбооноос ч зарлачихсан, үүнтэй холбоотой эрдэм шинжилгээний өгүүлэл олон бий. 

Тэгэхээр бид монголынхоо эрүүл хөрсөнд тарьж ургуулсан төмс ногоог ямар ч байдлаар хоол хүнсэндээ ашиглаж, идэж болно.

Цагаан гурил ч ялгаагүй. Бүхэл үрийн гурилтай харьцуулахад илчлэг их хэдий ч ямар ч хүнсийг хэмжээг нь тохируулж чадвал муу зүйл огт байхгүй.

Хувцасны тренд дагаж хуйлардаг шиг сайн гэсэн бүгдийг ходоод руугаа хийгээд байж болохгүй. Мэргэжлийн бус хүмүүсийг дуурайж өөрийнхөө эрүүл мэндээр тоглож байгаа нь сайн дураараа өөрийгөө гэмтээж байгаагаас ялгаагүй зүйл шүү дээ.

Тиймээс байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхээс гадна хэтрүүлэхгүйгээр зохистой хэрэглэх нь чухал юм. 

Холбоотой сэдвүүд

зохистой хэрэглээ хоол

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.