СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-ын хилийн ойролцоох Цэрэггүй бүсээс 100 хэсэг яс, олон мянган эд зүйл илрүүлсэн тухай БНСУ-ын Батлан хамгаалах яамнаас баасан гарагт мэдээлжээ. Тэдгээрийг 1950-1953 оны Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн цэргүүдийнх хэмээн үзэж байна.

“Өнгөрсөн тавдугаар сарын 28-наас зургадугаар сарын 6-нд Цэрэггүй бүсэд явуулсан малтлага ажил, минагүйжүүлэх төслийн хүрээнд 100 хэсэг яс болон дайны үеийн баримт бичиг тэргүүтэй 6641 ширхэг эд зүйлийг илрүүлсэн” гэж Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурджээ. Тэдгээр ясыг хэдэн хүнийх гэдгийг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд цаашид нарийвчилсан судалгаа явуулж, ДНК-ийн шинжилгээ хийхээр төлөвлөж байгаа аж.

Хоёр талын хурцадмал байдлыг намжааж, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх зорилготой баримт бичгийн дагуу Сөүл, Пёньян өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн зургаан сарын турш хамтарсан малтлага явуулахаар төлөвлөж байжээ. Харин БНАСАУ малтлагын талаар ямар нэг хариу өгөөгүй тул БНСУ-ын цэргийн хүчин уг ажиллагааг дангаар явуулж байгаа ажээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг