Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнгөрсөн лхагва гарагт Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “ЦДҮС” ТӨХК-д ажиллалаа. “УБЦТС” ТӨХК 2016-2017 оны өвөлжилтийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг хангах бэлтгэл ажлыг 100 хувь хангасан аж. 

Гэхдээ шөнийн тарифын хөнгөлөлттэй холбоотойгоор цахилгаан ачааллын өсөлт төлөвлөснөөс илүү нэмэгдсэн тохиолдолд шаардагдах аваарийн нөөцийг бүрдүүлэхэд зарцуулах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэхэд яамны дэмжлэг чухал байгааг компанийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан танилцуулав. 

Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлж буй нийслэлийн болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын тарифт тоолууртай айл өрхүүдийн цахилгааны шөнийн хэрэглээний төлбөрийг 50-100 хувь хөнгөлөх шийдвэр ирэх 11 дүгээр сараас хэрэгжинэ.

"УБЦТС" ТӨХК-ийн зүгээс агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эхний ээлжинд гэр хорооллын 20 мянган айлд цахилгаанаар халаалтаа шийдэх боломжийг олгохын тулд нэг айлыг 4 кВт цахилгаанаар халаах төслийг боловсруулж ЭХЯ-д хүргүүлээд байна. Эдгээр айл өрхийг цахилгаанаар халаахад шаардлагатай ажлуудыг хийхэд 23.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ “УБЦТС ТӨХК-ийн ажил байдалтай танилцахад түгээх сүлжээнд техникийн болон мэдээллийн технологи харьцангуй сайжирсан нь харагдаж байна. Гэхдээ үйлчилгээний чанар болон ажилтнуудын харьцааг сайжруулах, хэрэглэгчдэд үйлчилгээгээ хүндрэл, чирэгдэл учруулахгүйгээр улам ойртуулж ажиллахад онцгой анхаарах шаардлагатай байна. Ажлын хариуцлагыг шат бүрт сайжруулж, бараа үйлчилгээ худалдан авах ажиллагааг хууль, дүрэмд нийцүүлж явуулахад онцгой анхаараарай. Өвөлжилт бол эрчим хүчнийхний хувьд хариуцлагатай цаг үе. Тиймээс техникийн зөв горим, мэргэжлийн баг, ажилтны ур чадвараас гадна сэтгэл зүтгэл хамгаас чухал” гэдгийг онцлов.

Байгалийн гамшгийн улмаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, төмөр бетон тулгуурууд унах тохиолдол бий. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 8-нд Дархан дэд станцаас Хөтөл чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарч, Дархан дэд станцаас 3 км-ийн зайд 2 ш тулгуур унаж, мөн 3 ш тулгуур хазайсан. Үүнийг нөөц хөрөнгөөс гаргаж, яаралтай арга хэмжээ авсан байна. Цаашид нөөц хөрөнгө бүрдүүлэлтэд анхаарч ажиллах шаардлагатайг компанийн удирдлагууд онцоллоо.