УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшигчдийн саналын тоон дээр таслал гарч ирсэн асуудлыг тодруулахаар бие даан нэр дэвшигчид өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны мэргэжилтнүүдтэй уулзлаа.

Уулзалтын дараа Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшсэн Т.Ганболд "Тодорхой шаардлагыг баримтуудын хамт СЕХ-нд хүлээлгэж өглөө. СЕХ-ны зүгээс хууль, үйлдлийн системд байдаг бүх зүйлсээ тайлбарлалаа. Ямар нэгэн алдаа гараагүй, хууль зөрчигдөөгүй, хуйвалдаан ороогүй сонгууль болсон гэж байна. Тэдний тайлбарлаж чадахгүй байгаа гол зүйл нь зөвхөн бие даагч нарын саналын тоон дээр гарч ирсэн таслал. Үүнийгээ үйлдлийн системд гарсан алдаа. Энэ алдаа байж болно, таслал бол мянганы нэгжийг ялгаж буй хэлбэр гэж тайлбарлаж байна. Таслал мянганы нэгжийг тасалдаг гэдгийг нэгдүгээр ангийн хүүхэд ч мэднэ. Гэхдээ формат нь нэг байхад яагаад зөвхөн бие даан нэр дэвшигчдийн санал дээр таслал гарч ирээд бусад хүнийх дээр гарахгүй байгаа нь асуудалтай.

СЕХ-ны ажилтнууд өмнө нь мэдэгдэл хийхдээ таслалыг алдаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Хэрэв алдаа юм бол сонгуулийн алдаатай дүн хүчингүй болох ёстой. 

Энэ эргэлзээг тайлахын тулд СЕХ-ны тодорхой хүмүүс тойргуудад дахин гараар тооллого хийе гэж байна. Санал хураалт явуулсан өдрөөс хойш 4 хоног өнгөрлөө. Энэ нь эрх мэдэлтэй тал юмыг хангалттай хольж, солих хугацаа. Хуулийн дагуу бүх зүйл битүүмжлэгдсэн байгаа гэж байна. Гэхдээ иргэд бид хардах эрхтэй. Миний хувьд бол эргэлзэхээр хэмжээний нөхцөл үүссэн. 

Үнэхээр үнэмлэхүй ялсан юм бол, айгаагүй юм бол маргаантай, эргэлзээтэй байгаа тойргуудад яагаад дахин санал хураалт явуулж болохгүй байгаа юм бэ. Дахин санал хураалт явуулаад Т.Ганболд гэдэг хүн ялагдвал ярих юмгүй л болно. Саналыг шууд ард түмний нүдэн дээр ил тоолчихъё. Би ялах албагүй, гэхдээ зөвхөн бие даагч нарын санал дээр таслал гарч ирээд байгааг тайлбарлаж чадахгүй байна. Хардалт, эргэлзээг тайлахын тулд бид явж байна" хэмээлээ.

Энэ талаарх СЕХ-ны тайлбарыг ЭНД дарж уншина уу.