АНУ-ын Кливлендын эмнэлгийн ажилтнууд судалгаа явуулах үеэрээ суугаа хэв маягийн амьдрал нь тамхи татсанаас илүү хортой болохыг тогтоожээ.

Ийм дүгнэлтийг тус эмнэлэгт 1991-2014 оны хооронд хэвтэж эмчлүүлсэн 122 мянга гаруй өвчтөний өвчний түүхэнд хийсэн судалгаанд үндэслэн гаргасан тухай телевизийн “Fox” суваг мэдээлсэн байна.

Спортоор хичээллэдэггүй, дасгал хөдөлгөөн хийдэггүй хүмүүсийн дунд нас баралтын түвшин хамгийн өндөр байсан гэж судалгааны багийн ахлагч Ваэль Жабер ярьсан байна. Дасгал хөдөлгөөн хийхгүй байх нь хүний эрүүл мэндэд хортой. Энэ нь эрэгтэйчүүд ч эмэгтэйчүүд ч хамаатай гэж тэрбээр хэлжээ.

Төр засаг зөвхөн өвчнийг анагаахад төдийгүй нийгмийн бүх давхаргад спортыг сурталчлахад асар их хөрөнгө мөнгө зарцуулах хэрэгтэй гэж тэрбээр үзэж байна.

 “Суугаа хэв маягийн амьдралтай хүмүүсийн нас барах магадлал спортоор хичээллэдэг хүмүүсийнхээс 30 хувиар илүү байдаг” гэж Жабер онцлон хэлжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг