Дурсгалт газарт тооцогдох Розенхайм-ын харш American Horror Story буюу Америкийн аймшигт түүхүүд цувралын эхний улирлын гол дүр болсон. Харшийн эзэд 2015 онд эл наймааг хийсэн брокеруудын эсрэг гомдол гаргасан талаар The Real Deal сайт мэдээллээ. Тэднийг харшийг цуврал баримтат киноны сэдэв болсон талаар наймааг хийхдээ дурдаагүй хэмээн буруутгаж байгаа аж. 

Харшийн эзэд нь жүжигчин Анжела Оукенфолд, нөхөр, зүрх судасны эмч Доктор Эрнст фон Шварц нар юм байна. Тэд эл байшинг шоунд орсныг мэдсэн бол хэзээ ч худалдаж авахгүй байх байсан хэмээжээ. 

Розенхаймын харш 1908 оны орчимд, архитектор Альфред Розенхаймын хувийн орон сууцны зориулалтаар баригджээ. Сонирхуулахад, Альфред хотын түүхийн чухал холбогдолтой хэсэгт байх Хеллманы барилгын загварыг гаргасан байна. Байшинд Tiffany-гийн шил, гэрэл, хаалга гээд тус брэндийн олон эд анги бий. 

Оукенфолд шүүхэд өгсөн гомдолдоо Америкийн аймшигт түүхүүд цувралын шүтэн бишрэгчид долоо хоног бүр ирж, амар заяаг нь үзүүлдэггүй гэжээ. Гэр лүү нь хүчээр орсон тохиолдлууд ч бий гэнэ. Мөн байшинг сүнстэй гэж брокерууд хэлээгүй ажээ. Гэхдээ хосууд нүүх бодолгүй байгаа, сүнс болон шүтэн бишрэгчдийн бий болгосон хохирлыг төлүүлэх л бодолтой байна.