ОТТАВА. /CTV/. Сүнсний баярын үеэр амттан цуглуулж явсан хүүхдийн сагснаас хар тамхитай чихэр илэрсэн хэргийг Канадын Колдбрук хотын цагдаа нар шалгаж байна.  

Баярын уламжлал ёсоор хөршүүдийнхээ гэрээр дайрч, амттан цуглуулж явах үеэр нэгэн хүүхэд ийм чихэр авсан байна. Хар тамхины агууламжтай чихэр байсныг түүний эцэг эх чихрийн цаасан дээрх тэмдэглэгээнээс олж харсан байна. Одоогоор цагдаа нар гэмт этгээдийг олохоор ажиллаж байгаа аж. Канадад олсны ургамлыг зугаа цэнгэлийн зорилгоор ашиглахыг 2018 онд хуулиар зөвшөөрч байжээ. 

Сүнсний баярын үеэр аюултай бэлэг авсан тохиолдол Канадад жил бүр гардаг байна. Сүүлийн жилүүдэд төмрийн хэлтэрхий юмуу сахлын хутганд ашигладаг хурц иртэй эд зүйл агуулсан шоколад, амттангууд чихрийн цуглуулга дунд байсан тохиолдол олон гарсан байна. Дийлэнх тохиолдолд эцэг эхүүд иймэрхүү зүйлийг олж хардаг байна. Гэсэн хэдий ч 2017 онд 11 настай охин метал үйрмэгтэй шоколадаар дайлуулсны улмаас эмнэлэгт хүргэгдэж байсан харамсалтай хэрэг тус улсад гарч байжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг