Өмнөд Солонгосчууд хүүхдийн төрлийн бараа бүтээгдэхүүнд онцгой анхаарал хандуулдаг, мэргэжлийн хяналтын хатуу шалгалт хийдэг гэдгээрээ алдартай. Мөн ирээдүй болсон хүүхдүүдийхээ идэж уудаг хоол хүнсэнд нь ихээхэн анхаарч ажилладаг байна. Үүний нэг илрэл бол Өмнөд Солонгосын бага дунд, ахлах сургуулийн цайны газарт кофе зарахгүй байх шийдвэр юм. Өмнө нь нэлээн удаан яригдсан уг журмыг баталсан бөгөөд энэ сарын 14-нөөс эхлэн мөрдөх аж. 

Тэд энэхүү шийдвэрээ танилцуулахдаа кофейны агууламж ихтэй хүнс хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, буруу дадал зуршилтай болгож болзошгүй тул энэхүү арга хэмжээг авсан гэжээ.

Сургууль дээр нэгэнт кофе зарахгүй учраас багш нар ч бас кофеныхоо машиныг хураалгахаар болсон байна. Өмнө нь тус улс energy drink буюу хүч чадлын ундааг хориглож байсан билээ.