КОЛОМБО. /BBC/. Улаан өндөгний баярын үеэр Шри Ланка улсад болсон цуврал халдлагыг зохион байгуулсан гэгдэж буй Захран Хашимийн аав, ах нар баасан гарагт тус улсын аюулаас хамгаалах хүчний явуулсан ажиллагааны үеэр амиа алдсан байна.


“Үндэсний Тувхет Жамаат” хэмээх лалын шашинт хэт даврагсдын бүлэглэлийг үүсгэн байгуулсан З.Хашим нь Коломбо хотын нэгэн зочид буудалд амиа золиосолсон юм. 


Цагдаа нар Каттанкуди тосгонд байрладаг уг бүлэглэлийн төв байранд баасан гарагт нэгжлэг явуулах үед зэвсэглэсэн этгээдүүд тэдэн рүү гал нээж, гурван хүн биедээ тэсрэх бөмбөг тээн амиа золиосолжээ. Дэлбэрэлтийн улмаас зургаан хүүхэд, гурван эмэгтэй амь үрэгдсэн бол буудалцааны үеэр гурван хүн амиа алджээ. 


“Уг нэгжлэгийн үеэр З.Хашимийн аав, хоёр ах амиа алдсан” гэж тэдний гэр бүлийнхэнтэй ойр байдаг эх сурвалж “BBC” сувагт албан ёсоор мэдээлсэн байна.



Дөрөвдүгээр сарын 21-нд Шри Ланка дахь сүмүүд болон зочид буудлуудад болсон цуврал халдлагын улмаас 250 гаруй хүн амиа алдаж, 500 орчим хүн шархадсан юм. Халдлагын хариуцлагыг "Лалын улс" бүлэглэл хүлээсэн билээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг