Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор энэ сарын 15-аас эхлэн зүүн дөрвөн замаас баруун дөрвөн замын уулзвар хүртэлх долоон уулзвараар зүүн гар тийш эргэхийг хориглосон. Энэ нь замын хөдөлгөөний ачааллыг багасгах биш илүү их ачаалал, бухимдал үүсгэж байна хэмээн тус шийдвэрийг эсэргүүцэж иргэд, жолооч нар өчигдөр НЗДТГ-ын байрны гадаа жагсаал зохион байгуулсан билээ. 

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн засаг дарга С.Батболд өнөөдөр автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэнтэй уулзлаа. Тэрбээр уулзалтын үеэр “Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг багасгах зорилгоор тодорхой уулзваруудаар зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэрийг 14 хоногийн хугацаанд туршиж үзлээ. Энэ хугацаанд төдийлөн үр дүн гарсангүй. Харин иргэдэд ихээхэн бухимдал үүсгэсэн учир зүүн эргэхийг хориглосон шийдвэрийг цуцлах шаардлагатай. Тиймээс маргааш буюу есдүгээр сарын 1-ний өглөөний 09.00 цагаас өмнө зүүн эргэхийг хориглосон долоон уулзварын чиглэлийг хэвийн хөдөлгөөнд оруулж, зүүн эргэхийг хориглосон шийдвэрийг цуцлах саналыг автозамын түгжрэл бууруулах ажлын хэсэгт хүргүүлж байна” гэв.

Цаашид замын хөдөлгөөний ачааллыг багасгах зорилгоор Зүүн дөрвөн зам, Дөлгөөн нуур, Гуравдугаар сургуулийн уулзваруудыг өргөтгөх, Нийслэлийн төрийн захиргааны ажилчид ажлын нэг өдөр машин унадаггүй байх, Хүргэлт, түгээлтийн үйлчилгээний машинуудын цагийн хуваарийг өөрчилж 21.00-07.00 цагийн хооронд хүргэлт хийдэг болгох зэрэг олон арга хэмжээг ойрын хугацаанд хэрэгжүүлэн ажиллана гэдгийг нийслэлийн засаг дарга С.Батболд онцоллоо.