Сантехникчийг доод давхаргын хүн мэт хардаг хэвшмэл хандлага байна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар болон “Дэлхийн ур чадвар монгол” НҮТББ-аас зохион байгуулсан “Монгол ур чадвар 2025” уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт өндөрлөж, Үндэсний аваргад өрсөлдөх эрх авсан оролцогчдоо зарлалаа. Ирэх онд болох тэмцээний гуравдугаар шатны уралдаанаас Шанхай хотод болох “Дэлхийн ур чадварын тэмцээн”-ий оролцогчийг сонгон шалгаруулах юм. “Монгол ур чадвар-2025” үндэсний уралдааны барилгын сантехник, хоолой угсралтын төрлийн шалгаруулалтад найман аймгийн политехник коллеж, нийслэлийн гурван коллеж гээд нийт 11 байгууллагын суралцагчид өрсөлдлөө.

Боловсролын сайд П.Наранбаяр "Ур чадвараар хөгжсөн залуус Монгол Улсын ирээдүйн бүтээн байгуулалтыг нуруундаа үүрэх чадварлаг ажиллах хүч болж төлөвшинө. Ур чадвар нь үнэлэгдэх тусам орлого нэмэгдэж, чинээлэг ажиллах хүч бүрэлдэнэ. Энэ нь хөдөлмөрийн зах зээлд ч томоохон эерэг өөрчлөлт авчирна. Боловсролын ерөнхий газар, салбарын яам энэ тэмцээнийг тогтвортой дэмжиж ирсэн. Ур чадварын боловсрол гэдэг бол биеэр гүйцэтгэж, бодитоор бүтээж харуулдаг боловсрол юм. Тиймээс залуус энэ мэргэжлийн боловсролыг илүү ихээр сонгож, ирээдүйн амьдрал, карьертаа бодит боломж болгож ашиглаасай гэж хүсдэг." хэмээн онцлов. 


Монголын сантехникчдийн хөгжлийн нийгэмлэг ТББ-ын тэргүүн Г.Гантулга "Сантехникчид айл өрх, албан байгууллагад халаалт, ус, дулааныг хүргэдэг, нэг талаараа айлын амьдралын суурийг бэлдэж өгдөг. Улаанбаатар хот төдийгүй аймаг, сумдын төвүүд өдрөөс өдөрт өргөжин тэлж, өндөр барилгууд олноор баригдаж байна. Өндөр барилга олшрох тусам сантехникийн мэргэжилтэй хүний хэрэгцээ зайлшгүй өснө.


Тиймээс бид сантехникч мэргэжлийн үнэ цэнийг нийгэмд ойлгуулах, урьдчилан сурталчлах нь маш чухал гэж үздэг. Монголын сантехникчдын хөгжлийн нийгэмлэгийн гол зорилго ч энэ чиглэлд чиглэж ажилладаг. Тэмцээн уралдаан зохион байгуулснаар “Дэлхийн ур чадварын тэмцээн”-д оролцох үндэсний ялагчийг тодруулж, эх орноо төлөөлөх боломж бүрддэг. Үүнээс гадна тэмцээн хүнийг хөгжүүлдэг, ур чадварыг ахиулдаг чухал хэрэгсэл юм. Манай энэ удаагийн сантехникийн хоёрдугаар шатны тэмцээнд найман аймгийн Политехник коллеж, Улаанбаатар хотоос гурван коллежийн нийт 11 байгууллагын суралцагчид оролцож байна. 

Зураг
Тайлбар




Сантеххнхик мэргэлийн онцлогийн талаар тус тэмцээнд Эрдэнэт хотоос оролцогч Ц.Отгонбаяр "Би 19 настай. Аав маань сантехникийн инженер хүн. Багаасаа аавынхаа ажлыг харж, дагаж явсаар энэ мэргэжилд дурласан. Би өөрөө гагнуурчийн мэргэжилтэй учраас сантехниктэй хослуулж ажилладаг. Орон сууц, аж ахуйн нэгж, объектуудын ус, дулаан, цэвэр, бохирын шугамыг хариуцдаг. Гэтэл манай нийгэмд сантехникчийг ядуу, боловсролгүй, доод давхаргын хүн мэтээр ойлгодог хэвшмэл хандлага байсаар байна. “Хичээлээ хийхгүй бол сантехникч болно” гэх ойлголт хүртэл байдаг нь бодит байдлаас тэс өөр.

Гэтэл бодит байдал дээр сантехник бол маш өндөр хариуцлагатай ажил. Нэг л алдаа гарвал орон сууц усанд автаж, дулаан тасарч, айлууд хөлдөх эрсдэлтэй. Өвлийн улиралд шугам хөлдвөл хот даяар асуудал үүснэ. Тиймээс сантехникч хүн хийсэн ажлаа төгс, бүрэн гүйцэд хийх ёстой.

Би мэргэжлээрээ ажиллаад удаагүй, одоогоор дадлагын хугацаандаа явж байна. Улсын тэмцээнд оролцож байгаа нь надад маш том боломж. Энд халуун, хүйтэн ус, бохир, дулааны шугам угсарч, бодит объектын бүх сантехникийн ажлыг хийж байна. Нэг мм-ийн  алдаа ч оноонд нөлөөлдөг учир маш нарийн тооцоолол, тэвчээр шаарддаг." хэмээн өгүүллээ. 

Бичлэг үзэх:

 

"World skills Mongoila"-ийн гүйцэтгэх захирал Д.Энхжаргал  "Ур чадварын боловсрол гэдэг биеэр гүйцэтгэх бүтээмж шүү дээ. Тиймээс мэргэжлийн ур чадварын боловсролыг залуучууд сонгодог байгаасай, тэр хэмжээгээрээ өөрийнхөө амьдрал ахуй ирээдүйн карьертаа амжилттай байх үндсийг, энэ боломжийг ашиглаж байгаасай гэж хүсдэг.

Ийм учраас манай мэргэжлийн боловсролын салбарт бэлдэж байгаа мэргэжлүүдийг бид үндэсний хэмжээнд ур чадварын рейтингийг нь тогтоох, олон улсын түвшинд энэ мэргэжлээр бид хаана явж вэ гэдгээ тогтооход “World Skills Mongolia” байгууллагын зорилго оршдог. Тийм ч учраас бид үндэсний аваргыг гурван үе шаттайгаар зохион байгуулж байгаад тодруулдаг. 

Тэрхүү үндэсний аваргын ур чадварын түвшин, тухайн мэргэжлээр манай хүмүүсийн ур чадварын түвшнийг тогтоож байна гэсэн үг. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.