Самбаргүй шийд дээр хүүхдүүд өдөр, шөнөгүй л тоглоно. Яагаад гэвэл үүнээс өөр тоглох талбай байхгүй. П.Мөнхсайханы ажиллуулдаг 'Gate4' рестораны ойролцоох тоглоомын талбай хоёр жилийн турш яг ийм л байдалтай, хүүхдүүд ийм орчинд л тоглосоор. Засаж өгөхсөн, хүүхдүүдэд ээлтэй тоглоомын талбайтай болгохсон гэсээр найзуудынхаа хамт сэтгэл шулуудан 24 дүгээр сургуулийн ойролцоох сагсны шийдийг засварлаж, цаашид Улаанбаатар хот дахь эвдрэлтэй сагсны шийдүүдийг засаж, сэлбэх "Хамтдаа шийд" санаачлагыг эхлүүлсэн П.Мөнхсайхантай ярилцлаа. 

Тэрбээр "Ажил руугаа явах замд байдаг сагсны шийд бараг хоёр жил самбаргүй, зөвхөн кольцо нь л байсан юм. 

Хамгийн өрөвдөлтэй нь хүүхдүүд өдөр шөнөгүй энэ хоосон шийдэн дээрээ тоглодог. Яагаад гэвэл энэ хавьд өөр тоглочихоор бүтэн сагсны талбай байхгүй учраас.

Би харах болгондоо засаад өгчих юмсан гэж бодож байгаад нэг пост оруулсан нь маш олон хүнд хүрч дэмжигдсэн. Тэгээд л би сэтгэл шулуудаад "Яагаад болохгүй" гэж энэ шийдийг эхлээд засчихъя. Үүнийг үргэлжлүүлээд ажил хэрэг болгоё гэж бодсон юм.

Бичлэг үзэх:

 

Эхний шийдийг нэлээн бат бөх дахиж салж унахааргүйгээр хийсэн.  Хоёр гурван хүн зүүгдсэн ч унахгүй ээ. 

Гол нь ажил хэрэг болгож байгаа учраас шийд маань өөрийн гэсэн тогтсон өнгө загвартай, "Хамтдаа шийд" гэдэг нэртэй байхаар тогтсон. Хамтдаа асуудлыг шийдье гэсэн утгатай юм л даа Хотод бол гурван шийд тутмын нэг нь эвдэрхий, хайхрамжгүй хаячихсан байдаг. Шийднээс гадна тоглоомын талбай гэх мэт хүүхдүүдэд тулгарсан олон асуудал байгаа. 

Гэсэн ч бид чадах чинээгээрээ ядаж нэг асуудлыг нь арилгах юмсан гэж хүсэж байна. 

Эцсийн эцэст энд хүүхдүүд тоглоно. Дасгал хөдөлгөөн, спорт хүүхдийн булчинг хөгжүүлж бие махбодын өсөлтөд эерэгээр нөлөөлж, эрүүл байхад тустай. Нөгөөтэйгүүр сагсан бөмбөгийн спорт хүүхдүүдийг хоорондын харилцааг ч хөгжүүлдэг.

Би гэхэд энэ спортоор 10 гаруй жил хичээллэж байна. Энэ спорт байгаагүй бол би хэн байх байснаа ч мэдэхгүй юм. Тэгээд хайртай зүйлийнхээ хийж чадах бяцхан тус минь л энэ. Сагсны талбайг гоё болгочихвол хүүхдүүд хөдөлгөөний идэвхтэй байж цаашлаад бэлтгэл сургуулилт хийснээр сайн тамирчид төрөх боломжтой юм.

Хамгийн гол нь стандартын дагуу хийсэн талбайд тоглох хоосон шийдэн дээр тоглохын үр дүн асар ялгаатай. Тэгэхээр энэхүү үйл ажиллагаа нь сагсан бөмбөгийн хөгжил төдийгүй хүүхдийн эрүүл мэнд, ирээдүйд оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт гэж харж болно." гэж ярилаа.  


Шинээр шилэн шийд худалдаж авахад 650-700 мянган төгрөг, шон, ард талын багана гэх мэтээр тоноглол нэмэгдэх тусам зардал нь өснө. Харин гараараа модон самбар хийж, засварлавал 300-400 мянган төгрөг орчим болохоор тооцжээ. Эхний шийдний засвар гэхэд нийтдээ 350 мянган төгрөгийн зардал гарсан байна. Өөрөөр бол шинэ шийд авахаас 2-3 дахин хямд үнээр илүү бат бөх шийд босгоно гэсэн үг.

"Хамтдаа шийд" санаачлагч П.Мөнхсайхан "300 мянган төгрөгийн шийд босголоо гэж бодъё. Зургаан найз нийлэхэд л хүний тавин мянга гарна. Хүнд туслах гээд 20 мянган төгрөгийн хандив шилжүүлдэг шүү дээ. Үүнтэй яг адилхан. 

Надтай холбогдоод хаана байрладаг сагсны шийдийг засахын хүсэж байгаагаа хэлээд, зардлыг нь шилжүүлэхэд л би очоод засчихна. Засвар дууссаны дараа хамтдаа угсраад, орчин тойрны хүүхдүүдэд шийдээ хүлээлгэж өгнө. Ийм амархан аргаар асуудлыг шийдвэрлэж болох нь байна." хэмээн  бяцхан шийднүүдийг аврахыг уриаллаа.

Түүнийг эхний шийдээ заслаа гэж цахим хаягтаа пост бичснээс хойш өдрийн дотор 10 гаруй газраас залгаж, санал тавьжээ. Хэрэв танай гэрийн эргэн тойронд эвдрэлтэй сагсны шийд байгаа бол та ч мөн хандаж болно шүү. 

"Хамтдаа шийд" санаачлагад оролцохыг хүсэж байгаа бол Munkhsaikhan Mc хаягаар болон 88103106  дугаараар холбогдоорой.

Таны дэмжлэгээр засварласан шийдний дээр "Сагсан бөмбөгт хайртай хүмүүст зориулж  Буяагийн гэр бүлээс" гэх зэргээр дурсгал үлдээх юм байна шүү.