Саарал, хар усыг суултуурт ашиглан жилд 13 сая тонн ус хэмнэх төсөл Монгол, Японы MICS хөтөлбөрөөс төржээ

Улаанбаатар хотын орон сууцны нэг иргэн жорлонгийн бохироо хөөхөд өдөрт дунджаар 34.4 литр ус урсгадаг байна. Дөрвөн ам бүлтэй айлаар тооцоход хоногт л 140 орчим литр усыг жорлондоо урсгадаг ажээ. 

Манайх шиг жорлонгийн бохироо ундны цэвэр усаар хөөдөг улс дэлхийд үгүй. 

Тэгвэл нийслэлийн 1000 гаруй хаус, 4000 гаруй нийтийн орон сууны суултуурт саарал, хар ус ашиглахад л жилд 13 сая тонн ус хэмнэх тооцооллыг “Mongolia Open Innovation and Co-creation for SDGs 2024” буюу “MICS 2024” хөтөлбөрөөс төрөн гарсан “Хаягдал ус дахин ашиглах нь” төслийн баг гаргажээ. 

13 сая тонн ус гэдэг бол Монгол Улсын ахуйн цэвэр усны хэрэглээний 15%-тай тэнцэх бөгөөд энэ хэмжээний усыг хэмнэснээрээ жилд 470 мянган тонн СО2-ыг бууруулах ач холбогдолтой ажээ. Ингэснээрээ Тогтвортой хөгжлийн 6, 9, 12 дугаар зорилтуудын хэрэгжилтийг Монгол Улс хангахад хувь нэмрээ оруулж чадна гэдгийг Төслийн менежер Н.Хангайцэцэг танилцууллаа.

Өнгөрсөн оны зургаадугаар сараас эхлэн өчигдөр буюу хоёрдугаар сарын 7-ны өдөр хаалтаа хийсэн MICS 2024 хөтөлбөрийн хүрээнд яг ингэж Монгол болон Япон улсын нийгмийн асуудлуудыг хамтран шийдэх дэвшилтэт санаа чанаачилга бүхий 10 төсөл 210 оролцогчоос тунаж шалгарч үлдсэн юм. “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн олон асуудал тулгамдах болсон. 

Нэг улс, нэг байгууллага дангаараа шийдвэрлэхэд ярвигтай асуудлуудыг хэрхэн даван туулах нь чухал болсон” хэмээн MICS хөтөлбөрийн санаачлагч ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ тодотгосон. 

Тийм ч учраас Монгол, Япон улсад тулгамдсан нийгмийн асуудлуудыг шийдэх, тогтвортой хөгжлийг дэмжсэн шилдэг төслүүдийг шалгаруулж, хоёр орны мэргэжилтнүүд, бизнесийнхэн хамтран хэрэгжүүлэх боломжоор хангах зорилгоор энэхүү хөтөлбөрийг санаачлан 2023 оноос хэрэгжүүлж эхэлжээ. 

Тэдгээр төслийг хэрэгжүүлэхэд зохион байгуулагчид олон талаар дэмжлэг үзүүлсэн байна.

Тухайлбал, Нийслэлийн бизнес инновацын газраас гурав, ЖАЙКА-гаас хоёр төслийг тус тус шалгаруулж, үйл ажиллагааны зардлын зарим хэсгийг дэмжих санхүүжилтийг олгосон байна. Мөн оролцогчдыг менторлох хөтөлбөрт өнгөрсөн наймдугаар сараас энэ оны хоёрдугаар сар хүртэл хугацаанд хамруулж, Монгол, Япон талын бизнес, инновацын салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд бизнес төлөвлөгөө, маркетинг, санхүү, хөрөнгө оруулалт татах арга туршлага зэрэг тал талын мэдлэг олгох сургалт, уулзалт зохион байгуулснаас гадна 10 баг тус бүрд дотоод, гадаад хамтрагч хайх, холбох тал дээр дэмжиж ажилласаар иржээ.

Саарал ус ашиглах дээрх санаачилгын хүрээнд л гэхэд Улаанбаатар хотын орон сууц, хаусуудад зөвхөн ахуйгаас гарч байгаагаас гадна өтгөн, шингэн холилдсон хар усыг хүртэл боловсруулж, суултуурын ус татахад дахин ашиглах шийдлийг Монголын ТАО компани болон Японы FUSO корпорацтай хамтран гаргасан байна. 

Ингэхдээ өдөрт 2-954 хүртэлх тонн усыг цэвэрлэх хүчин чадалтай, 20-30 жил хүртэл ашиглах боломжтой төхөөрөмжийг зах зээлд санал болгож байгаа аж. Хамгийн бага хүчин чадалтай төхөөрөмж нь 189 сая төгрөгийн үнэтэй ч үүнийг таван ам бүлтэй, 10 өрх 20 жил ашиглах боломжтой аж. Ашиглаад 8-12 дахь жил дээр нь лагийг соруулахад хангалттай ба өөр ямар нэгэн гар ажиллагаа байхгүйг Төслийн менежер Н.Хангайцэцэг танилцуулсан. 



Хоёр дахь жилдээ ийнхүү амжилттай хэрэгжсэн MICS төслийн талаар ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ дүгнэхдээ 

“Глобалчлал хурдацтай өрнөж буйг дагаад Монголд ч гэсэн дэвшилтэт технологи, мэдлэг мэдээллүүд хурдтай нэвтэрч, старт-ап зэрэг Монгол, Японы нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах боломжтой талуудын тоо нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна. ЖАЙКА-ын хувьд Монгол улс дахь олон жилийн хамтын ажиллагааны үр дүнд үүсгэсэн хүн хоорондын харилцаанаас гадна, MICS-г зохион байгуулснаар Монгол, Япон улсын хооронд шинэ боломжит тоглогчдыг хооронд нь холбож, хамтын ажиллагааг үүсгэснээр хоёр орны нийгмийн асуудлуудыг шийдэх, хамтран хөгжих том түлхэц болно гэж итгэж байна” гэсэн юм. 

Хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагааны үеэр дахин нэг төсөлд Худалдаа хөгжлийн банкны зүгээс 10,000,000 төгрөгийн дэмжлэг олгохоор болсон нь бас нэгэн үр дүн байлаа.

MICS нь Монгол болон Япон улсуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхийн тулд хоёр орны технологи, санаачилга, мэдлэг, туршлага, хөрөнгө, нөөц бололцоог нэгтгэх замаар шинэлэг шийдлүүдийг хамтран бий болгох үйл явц, хүчин чармайлтыг дэмжих зорилготой хөтөлбөр бөгөөд 2023 оноос хойш ЖАЙКА санаачлан зохион байгуулж буй бөгөөд энэ удаа онцгой хамтрагч Нийслэлийн бизнес инновацын газар болон Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэг хамтран зохион байгуулжээ. 

Холбоотой сэдвүүд

саарал ус ус дахин ашиглах

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.