Л.Баяржаргал
10 сарын 16, 2017
Уимблдоний аварга Рожер Федерер дэлхийн чансааг тэргүүлэгч Испанийн Рафаел Надалийг Шанхай Мастерсийн шигшээ тоглолтод 6-4, 6-3 харьцаатай буулган авч энэ оны зургаа дахь аваргын цомоо хүртжээ.
Өдгөө 36 нас хүрч буй “Швейцарь цаг” Рожер Федерер 72 минутын турш явагдсан тоглолтод ийнхүү ялалт байгуулснаар Рафаел Надалийг энэ жил дөрөв дэх удаагаа хожиж байгаа юм. Их дуулгад нийт 19 удаа түрүүлсэн Федерер шигшээ тоглолтод 10 удаа давуулалтаас оноо авч ганцаарчилсан төрөлд карерийнхаа 94 дэх аваргын цомыг авсан. Тэрбээр ийнхүү алдарт Иван Ледлтэй цомынхоо тоогоор эн зэрэгцэж ирсэн бөгөөд одоо түүний өмнө 109 цом хүртсэн АНУ-ын Жимми Коннорс бичигдэж байна.
Карерийнхаа хугацаанд хоёр дахь удаагаа Шанхайн нээлттэй тэмцээнд түрүүлсэн Рожер Федерер хагас шигшээд Аргентинийн Хуан Мартин Дел Потротой гурван сет тоглож шигшээд шалгарсан юм.
Рожерийн хувьд ирэх сард Лондонгийн “O2” Аренад явагдах шилдэг теннисчидийн оролцох ATP-ийн шигшээ тэмцээнд оролцох юм.
Эх сурвалж: SPS
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.