Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ОХУ-ын Сирид явуулсан ажиллагааны үеэр 112 албан хаагч амиа алдсан байна гэж тус улсын Холбооны зөвлөлийн Батлан хамгаалах болон аюулгүй байдлын хорооны дарга Виктор Бондарев ням гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

“Өнөөдрийн байдлаар манай зэвсэгт хүчний 112 албан хаагч амь үрэгдсэний тал орчим хувь нь “Ан-26” болон “Ил-20” онгоцны ослын үеэр амиа алдсан байна. Үүний зэрэгцээ 8 нисэх онгоц, 7 нисдэг тэрэг, нэг юм уу хоёр ширхэг хуягласан тээврийн хэрэгслийн хохирол амссан” гэж Оросын Агаарын цэргийн хүчний коммандлагч асан В.Бондарев мэдээлжээ. Энэ тухай “ТАСС” мэдээллийн агентлаг мэдээлэв.

Энэ оны гуравдугаар сарын 6-нд “Ан-26” нисэх онгоц Сирид осолдсоны улмаас бүхээгт байсан 39 хүн бүгд харамсалтайгаар амиа алдсан билээ. Мөн өнгөрсөн сарын 18-нд “Ил-20” нисэх онгоц осолдож, 15 хүн амь үрэгдсэн юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг