Дэлхийн нийт 1.77 тэрбум хүн энгийн, доторлогоогүй нүхэн жорлон ашиглаж байна. Тухайн улсын нүхэн жорлон ашиглагч хүн амын тоог нийт хүн амын тоонд харьцуулсаныг зурагт харуулав.

Нэг хүн өдөрт дунджаар 1200 грамм шингэн, 350 грамм өтгөн гадагшлуулдаг гэж тооцвол дэлхийн даяар нэг хоногт 2,1 тэрбум кг шингэн, 0,6 тэрбум кг өтгөн бохир нүхэн жорлонд хуримтлагдаж байгааг АНУ-ын судлаачид тогтоожээ.

Ариун цэврийн хэрэгцээнд нүхэн жорлон ашигласнаар байгаль орчин, нийгмийн эрүүл мэндэд учруулах хорт нөлөөлөл нь нүхэн жорлонд хуримтлагдсан хүний ялгадсын шинж чанар, ууршилт, задралд орох байдал, хөрсний усны түвшин, хөрсний бүтэц, газрын налуу, агаарын температур зэрэг олон хүчин зүйлээс шууд хамаардаг. 

Хүнээс гадагшлах шээсний 91-96% нь ус, үлдсэн хэсгийг эрдэс давс, органик нэгдлүүд эзэлдэг. Харин өтгөний 75%-г ус, үлдсэн 25%-г уураг, бактери, задраагүй өөх тос, нүүрс ус гэсэн  хэсгүүд бүрдүүлдэг.  

Нүхэн жорлонд хуримтлагдсан ялгадсын шингэн хэсэг нь ууршиж агаарт шивтрийн хий дэгдээхээс гадна хөрсөнд шингэдэг бол өтгөн хэсэг нь нүхэн жорлонгийн ёроолд тунан бактерийн тусламжтайгаар задралд ордог.

Нүхэн жорлонгийн бохир хөрсөнд шингэх үед өтгөн  ялгадсанд  агуулагдах халдварт өвчний нян зөөвөрлөгдөж хөрсний усыг бохирдуулдаг. Ийм нянгаар нэгэнт бохирдсон усыг унд, ахуйд хэрэглэснээр олон нийтийг хамарсан халдварт өвчин дэгдэн нийгмийн эрүүл мэндийг эрсдэлд оруулдаг.

Дэлхий даяар нэг жилд 800 мянгаас багагүй тооны хүн нүхэн жорлонгоос бохирдсон усыг амьдрал ахуйдаа хэрэглэснээс үүдэн хорвоог орхиж байгааг 145 улсын тоон мэдээнд үндэслэн судлаачид тооцон гаргажээ.

Нүхэн жорлонгийн ёроолд хуримтлагдсан өтгөн нь агаартай болон агааргүй орчинд амьдрах чадвартай бактерийн тусламжтайгаар биологийн задралд буюу ялзралд орох замаар хэмжээ нь багасаж байдаг. Хүний өтгөний массын ойролцоогоор 7%-г  халдварт өвчний бактери болон өтгөн задлах чадвартай ашигтай бактери эзэлдэг. Нүхэн жорлонгийн өтгөн ялгадасын дээд гадаргуу нь агаартай орчин тул тэнд хүчилтөрөгчөөр амьсгалагч бактери аероб задралыг явуулдаг. Харин хуримтлагдсан өтгөний дотор агааргүй байдаг тулд тэнд хүчилтөрөгчгүй орчинд амьсгалах чадвартай бактери анаероб задралыг явуулдаг. Аероб задралын үр дүнд ус, нүүрсхүчлийн (CO2) хий, харин анаероб задралын дараа ус, органик хүчил, метаны (CH4) хий бий болдог.

Нүүрсхүчил болон метаны хий аль аль нь дэлхийн уур амьсгалын дулаарлын гол шалтгаан болсон хүлэмжийн хийнүүд юм. Иймд нүхэн жорлонд хуримтлагдсан өтгөнд биологийн задрал явагдах үед хүлэмжийн хий агаарт дэгддэг байна.

Дэлхий даяар тархсан нүхэн жорлонгоос нэг жилд ойролцоогоор 5-14 сая тонн хэмжээтэй хүлэмжийн хий ялгарч байдгийг судлаачид тооцсон. Тодруулбал хүний үйл ажиллагаанаас улбаалан дэлхийн агаар мандалд цацагдаж буй хүлэмжийн хийн нийт хэмжээний 2-4% нь нүхэн жорлонгоос үүдэлтэй юм. Иймд нүхэн жорлон нь тухайн орчны агаар, хөрсний усыг бохирдуулагч, нийтийг хамарсан халдварт өвчлөлийн эх үүсвэр бөгөөд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн үйл явцад сөргөөр нөлөөлсөөр байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.