Өмнөд Суданд хүмүүнлэгийн нөхцөл байдал улам дордож байгаатай холбоотойгоор тус улсын долоон сая гаруй иргэн өлсгөлөнд нэрвэгдэхэд тун ойрхон байна гэж НҮБ-ын харьяа байгууллагууд анхааруулсан тухай “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээллээ.

Өмнөд Суданы засгийн газрын хүчнийхэн болон сөрөг хүчнийхэн өнгөрсөн оны 12 дугаар сард гал зогсоохоор тохиролцсон боловч үе үе байлдаж байгаагийн улмаас тус улсын олон иргэн орон гэрээсээ дайжин дүрвэж байна.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ болон Дэлхийн хүнсний хөтөлбөр мэдэгдэхдээ “Өмнөд Суданы хүн амын бараг гуравны хоёр хувь нь буюу 7 сая гаруй хүний хүнсний аюулгүй байдал ойрын саруудад алдагдах эрсдэл нүүрлээд байна” гэжээ.

Үүнээс нэг сарын өмнө тус байгууллагууд “Өмнөд Суданы хүн амын бараг тэн хагас нь хоол хүнс олж авахын төлөө өдөр бүр тэмцэж байна. Тус улсад хүнсний аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй байна” гэж анхааруулж байсан юм.

Тус улсад 5-аас доош насны 1.3 сая гаруй хүүхэд энэ оны 5-7 дугаар сард буюу борооны улирлын үеэр хоол тэжээлийн архаг дутагдалд орох эрсдэлтэй байгаа аж. Учир нь борооны улирлын үеэр зам эвдэрч муудаж, тусламж хүргэхэд илүү хүндрэлтэй болдог байна.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг