Peak.mn
10 сарын 29, 2025
“Залуусын сэтгэл зүйн эрүүл мэнд” сэдвийн дор зохион байгуулагдсан "Inspiring Asia" бичил кино наадамд Азийн 50 гаруй орны 860 гаруй бүтээл хүлээн авснаас Монгол Улсаас 6 уран бүтээл урьдчилсан шатанд тэнцжээ.
Тэдний хоёр нь хагас шигшээд, хоёр нь гранд финалд шалгарч, нэг төсөл шилдэгээр тодорч түүхэн амжилт үзүүллээ.
Эдгээр 6 уран бүтээлийг эндээс үзнэ үү.
Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү наадам нь нийгэм, байгаль орчны чиглэлээр эерэг өөрчлөлт авчрах чин хүсэлтэй залууст урам зориг өгч, тэдний дуу хоолойг Ази тивд түгээж, дэмжих зорилготой санаачилга билээ.
Монгол улсад 3 хүн тутмын 2 нь 35 доош насны залуус эзэлдэг хэдий ч тэдэнд хамгийн ихээр тулгамдаж буй асуудал анхаарлаас гадуур орхигдсоор байна.
ДЭМБ-ын судалгаагаар өсвөр насны амиа хорлолтоор Монгол Улс бүс нутагтаа хамгийн дээгүүр ордог бөгөөд 5 хүүхэд тутмын 1 нь амиа хорлох талаар нухацтай бодож, 2 хүүхэд тутмын 1 нь сэтгэл түгших эмгэгт өртдөг байна. Гэвч ихэнх нь чимээгүй тэмцэж, тусламж, үйлчилгээ тэр болгон авч чадалгүй нийгмээс тусгаарлагдсаар байна.
Бид юу хийж чадах вэ?
Эдгээр кинонуудын зарим нь хувь хүмүүсийн өөрсдийн дуу хоолойг илэрхийлэх уран бүтээл бол зарим нь Монгол залуусын сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн амжилттай хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд юм. Тиймээс эдгээр киног та зөвхөн үзээд зогсохгүй цааш нь бусдад түгээснээр Монгол залууст тулгамдаад буй энэ асуудлын талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах юм.
Лоринэт Сан нь "Inspiring Asia 2025" бичил кино наадмын албан ёсны хамтрагч бөгөөд Монголын ирээдүй болсон хүүхэд, залуусын боловсрол, хөгжилд чиглэсэн нийгмийн хөрөнгө оруулалт хийдэг байгууллага юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.