НЗДТГ-ын гадна 2 мянга орчим иргэн цуглажээ. Тэд Нийслэлийн Засаг дарга С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй нарыг огцрохыг шаардаж ийнхүү цуглаад байгаа юм. Жагсаал өглөөний 10.00 цагийн үед эхэллээ. Цугласан иргэд дунд жолооч нар, Баянзүрх дүүргийн иргэд дийлэнх нь иржээ. С.Батболд огцор, НИТХ тар гэсэн бичигтэй цагаан туузыг толгойдоо уяж, Улаанбаатар ундуй сундуй боллоо гэсэн уриа лоозон барьсан байна. 

Иргэд ийнхүү жагсах болсон шалтгаануудаа тоочлоо. Тэд нийгэмд үүсээд байгаа олон шалтгаануудаас гадна улс төрийн иргэн тойронд өрнөсөн үйл явдлуудыг ч дурьдсан юм. 60 тэрбум төгрөгийн асуудлыг Ц.Сандуйг Иргэдийн төлөөлөгчдийн хуралын даргаас огцрох хамгийн том үндэслэл гэдгийг ч хэлсэн юм. 

1.Төв замын хөдөлгөөнийг зүүн тийш эргэхийг хориглосон шийдвэр

Төв замын уулзварыг энэ сарын 15-аас эхлэн хориглосон. Энэ шийдвэр амьдрал дээр буугаагүй түгжрэл үүссэн шийдвэр хэмээн цуцлахыг шаардаж байгаа юм. 

2. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид тарах

Нийслэлд хийгдэх ёстой ажлуудыг цаг тухай бүрт нь хийгээгүй хэмээн тэднээс хариуцлага нэхэж байгаа юм байна. Тодруулж хэлбэл 2017-2018 онд нийслэлд долоон сургууль баригдах ёстой байсан. Гэвч суурь нь ч тавигдаагүй байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй иргэдийн төлөөлөгчидөд улсын төсвөөр алтан энгэрийн тэмдэг хийлгэж зүүсэн. Төсвийн мөнгөөр найр наадам зохион байгуулж байна хэмээн шүүмжиллээ. Мөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажил нохой мууранд ерөндөг /спираль/ тавих ажил биш гэдгийг энэ үеэр санууллаа.

3. Баянзүрх дүүргийг хоёр хуваасан шийдвэр

Гурав дахь асуудал бол нийслэлийн Баянзүрх дүүргийг хоёр хуваах шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм. Мөн Сум дүүргийн ИТХ-ын хурлын сонгуулиар нийслэлийн хамгийн их иргэдтэй Баянзүрх дүүрэгт АН ялалт байгуулсан. Тодруулбал ИТХ-ын 41 суудлаас АН 22, МАН 19  суудал авсан боловч дүүргийн сонгуулийн хорооны дарга нь АН-ын зургаан нэр дэвшигчийг сонгуулийн хууль зөрчсөн хэмээн нэр дэвшигчийн жагсаалтаас хасуулсан байна. Ингэснээр АН 16, харин МАН 19 суудал авсан болж хэрүүл маргаан дэгдэж эхэлсэн. Гэвч энэ маргааныг хууль хяналтынхан шалгаж үзээд шүүхээр АН-ын гишүүд хууль зөрчөөгүй гэдгийг тогтоожээ. Одоогийн байдлаар БЗД-ийн газрын албаны дарга нь тамгаа аваад явсан байна. 

Ийнхүү улс төрийн олон маргаантай асуудлаас бол жирийн иргэд хохирч байна хэмээн иргэд жагсаж байна.