МАН-ын Хяналтын хороо өчигдөр хуралдаж, С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарыг намын гишүүнээс түдгэлзүүлсэн асуудлаар МАН-ын Хяналтын хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар "Өчигдөр хуралдаж 4-5 асуудлыг авч хэлэлцсэн. Үүнд намын зарим гишүүнд хариуцлага тооцох талаар хэлэлцлээ. 

МАН-ын 28 дугаар Их хурлаар МАН-ын дарга У.Хүрэлсүх "Нийгэмд шударга ёсыг тогтоох, төлөвшүүлэхэд онцгой анхаарч ажиллана" гэдгээ зарласан. Энэ ажлыг намын гишүүдээсээ эхлүүлэх зорилт дэвшүүлсэн. 2016 оны сонгуулийн дараагаас манай намын нэр дээр үнэн, худал нь мэдэгдэхгүй цацагдаад буй "60 тэрбумын" гэх асуудалд эцэслэн хариу өгч, нэг тийш шийдэхийг 2018 оны  6 дугаар сард болсон Хяналтын хорооны зөвлөгөөн дээр хэлэлцсэн.

Намын нэрийг 60 тэрбумын гэх хэрэгт холбогдуулсан нь МАН-ын дүрмийг зөрчсөн байна. Энэ асуудалд намын нэрийг холбогдуулсан тухайн үед МАН-ын дарга М.Энхболд, Хотын намын хорооны дарга Ц.Сандуй, манай намын гишүүн н.Ганбаатар нарын хүмүүс оролцсон нь МАН-ын дүрмийг зөрчиж байна. Ингэснээр намын нэр хүндэд сэв суулгасан гэж Ёс зүйн хорооноос дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг авч хэлэлцээд дээрх хүмүүс хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Ингээд тодорхой гишүүдэд хариуцлага тооцсон. Үүнд:

1. МАН-ын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 4.2.8, 4.2.9 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэн МАН-ын гишүүн Ц.Сандуйг МАН-ын гишүүнээс гарсан тооцсон. 

2. МАН-ын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.8, 4.2.9, 4.2.10, 4.2.12 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж С.Мөнхчулууныг МАН-ын гишүүнээс гарсанд тооцсон шийдвэрийг гаргасан" хэмээн мэдэгдэв.

Мөн тэрээр "Манай нам дүрмээрээ хэн нэгнийг намаас хөөх, түдгэлзүүлэх тухай асуудлыг ярьдаггүй. Намаас гарсанд тооцох тухай асуудлыг шийдвэрлэдэг" гэдгийг нэмж хэллээ.