Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 6 дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран 2021 оны 2 дугаар сард ээлжид гарах ажилчдыг PCR шинжилгээнд хамруулж байна. 

Уул уурхайн ажилчдын ээлж солих ажиллагааг богино хугацаанд, халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд шуурхай зохион байгуулах үүднээс ээлж солих аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн 4 дүүрэгт хуваарилж, Багануур болон Налайх дүүргээс ээлжид гарах ажилчдын шинжилгээг тухайн дүүрэгт нь авч байна.

Орон нутгаас ээлжид гарах ажилчдын жагсаалтыг аж ахуйн нэгжээс тухайн орон нутгийн Онцгой комисст хүргүүлж, цар тахлын голомтот Улаанбаатар хотод аль болохоор нэвтрүүлэхгүй, постоос пост руу хүргэх, хотын гадна тусгаарлан тээвэрлэх талаар аймгуудын Онцгой комисстой хамтран ажиллах зөвлөмж, чиглэлийг Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штабаас аж ахуйн нэгжүүдийн  удирдлагуудад өгсөн.

Орон нутгаас ээлжид гарах ажилчид нь тухайн орон нутагтаа PCR болон түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгсөн, Улаанбаатар хотод нэвтрүүлэхгүй ээлжид гарах зохицуулалт хийгдсэн тохиолдолд орон нутагт өгсөн шинжилгээний хариу болон бөглөсөн асуумжийг үндэслэн ээлжийн ажилчдын тээврийг хийж болно.

Нийслэлд өгсөн шинжилгээний хариуг 24-48 цагт багтаан гаргах талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдэгдсэн тул шинжилгээний хариу нь “сөрөг” гарсан ажилчдыг орон нутаг руу тээвэрлэх болон бусад бэлтгэлийг хангахыг нийт аж ахуйн нэгжийн удирдлагад мэдэгдэж байна.

PCR шинжилгээг өгсөн ажилтан халдвараас хамгаалах дэглэмийг хатуу баримталж, бусадтай хавьтал үүсгэхгүй байх талаар аж ахуйн нэгж бүр анхаарч, тодорхой арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байна.


Ээлжийн ажилчдыг тээвэрлэх автобус, унаа бүрд дараах шийдвэрүүдийн хуулбарыг авч явах; 

Үүнд:

  • УОК-ын даргын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Ажилчдын ээлж солих тухай” 41 дүгээр тушаал,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Түр журам батлах тухай” тушаал,
  • Тухайн аж ахуйн нэгжийн удирдлагын ээлжинд гарч буй ажилчдын жагсаалт бүхий шийдвэр,
  • Ажилтнуудын ээлж солилцож, шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах түр журамтай танилцсан ажилчдын гарын үсэг бүхий жагсаалт,
  • PCR шинжилгээний “сөрөг” гарсан хариу
  • Ажилчид иргэний үнэмлэх болон ажлын пропускаа биедээ авч явах.

Шинжилгээний хариу “сөрөг” гарсан ажилчдын болон орон нутгаас ээлжид гарч байгаа, ээлжээс буух нийт ажилчдын тоон мэдээллийг хавсралтаар хүргүүлж буй маятын дагуу бэлтгэж, шинжилгээний төлбөр төлсөн баримтын хамт Шуурхай штабын gerelee.tum@gmail.comхаягаар хугацаа алдалгүй илгээж, УОК-т хүргүүлэх “Ээлж солих аж ахуйн нэгжийн бүртгэл”-д бүртгүүлэхийг мэдэгдэж байна.

Ээлж солих аж ахуйн нэгжийн жагсаалт, ээлжид гарах ажилчдын тоон мэдээг УОК, нийслэл, аймгуудын Онцгой комисст хүргүүлснээр орон нутагт зорчих эрх үүснэ. Жагсаалтад орсон аж ахуйн нэгжүүд УОК-оос 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас тогтоох хатуу хөл хорионоос өмнө, шинжилгээний хариу хүчинтэй байх 72 цагийн дотор ээлжид гарах ажилчдын тээвэрлэлтийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Түр журам батлах тухай” тушаалаар баталсан журмын дагуу хийхийг анхааруулж байна.


ЭНД дарж, мэдээллийн маягтыг татаж авна уу.


Эх сурвалж: УУХҮЯ