Б.Баясгалан
10 сарын 05, 2018
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Өнгөрсөн тавдугаар сард болсон Засаг даргын зөвлөлийн хурлаар нийслэлийн 2018-2019 өвөлжилтийн бэлтгэл хангах, зарим арга хэмжээний талаар хэлэлцэж инженерийн байгууллагуудад 14 чиглэлээр үүрэг өгсөн юм. Тус ажлын гүйцэтгэлийг аравдугаар сарын 1-ний өдрийн дотор нийслэлийн Засаг даргын зөвлөлд танилцуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт үүрэг болгосны дагуу өвөлжилтийн бэлтгэл хангасан тайланг зөвлөлийн гишүүдэд танилцуулав.
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1104 арга хэмжээ төлөвлөснөөс энэ сарын 1-ний өдрийн байдлаар 1064 арга хэмжээг хэрэгжүүлэн 96.3 хувийн гйүцэтгэлтэй байгаа аж. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарч байгаа юм.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дара Т.Гантөмөр “Амгалан дулааны станц, II, III, IV цахилгаан станцууд нийтдээ 295 ажил төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 259 ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил 95.5 хувьтай. 12-20 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, ОСНААУГ, УСУГ, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК зэрэг Инженерийн хангамжийн 12 байгууллага өвөлжилтийн бэлтгэл хангахаар 349 ажил төлөвлөснөөс 337 ажлыг гүйцэтгэж 97 хувийн биелэлтэй байгаа. Нийслэлийн харьяа агентлагууд 94 хувь, дүүргүүд 97 хувийн бэлтгэлтэй байгаа” гэв.
Нийслэлийн хэмжээнд авто зам, замын байгууламжийн цас арилгах 2472.08 тонн тусгай зориулалтын бодис, 1420.8 тонн давс нөөцөлсөн байна.
Эх сурвалж. Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.