Хөгжиж буй орнуудын сайн жишиг, шилдэг шийдлүүдээс суралцах, нийслэлийн төрийн албан хаагчдыг энэ чиглэлд чадавхжуулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/, Нидерланд Улсын Гаагийн Нутгийн удирдлагын академитай хамтран сургалт зохион байгууллаа. Нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаг үеийн эрэлт шаардлагад нийцсэн мэдлэг, ур чадвар, хандлагыг албан хаагчдад төлөвшүүлэхэд чиглэсэн хотын эдийн засгийн хөгжил, иргэдийн оролцоо, ухаалаг хот буюу дижитал шийдлүүд гэсэн гурван агуулгын хүрээнд хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, сургагч багш бэлтгэх хөтөлбөрийг үе шаттайгаар зохион байгуулж буй нь энэ юм.

Сургалтыг удирдан явуулсан Нидерланд Улсын Гаагийн Нутгийн удирдлагын академийн Хөтөлбөрийн менежер, сургагч багш Ларс Бурэма “Бидний зааж буй агуулга хөгжиж буй орнуудын хувьд нийтлэг асуудлуудыг хамардаг. Өөрөөр хэлбэл, тулгамдаж байгаа асуудлыг шийдсэн туршлага, жишгийг өөр нэг хотод яаж хэрэгжүүлж болох вэ гэдгийг зааж байна. Улаанбаатарын асуудлуудыг шийдэхэд хувь нэмрээ оруулах боловсон хүчнийг бэлдэх, мэргэшүүлэхэд тусалж байгаадаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төвийн дарга Б.Энхболд “Таван өдөр үргэлжилсэн энэ сургалтад Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төв УТҮГ, НИТХ, НЗДТГ болон түүний хэрэгжүүлэгч агентлагийн төлөөллөөс бүрдсэн нийт 20 албан хаагч хамрагдаж байна. Хот төлөвлөлт, эдийн засгийн хөгжил зэрэг мэргэжлийн боловсон хүчнийг бэлдэх, мэргэшүүлэх хэрэгцээ шаардлага өндөр байгаад үндэслэн энэхүү сургалтыг зохион байгуулсан. Сургалтад хамрагдсан хүмүүс эргээд энэ агуулгаа бусад мэргэжилтэн, алба хаагчдад зааж түгээх учир ач холбогдлын хувьд өндөр” хэмээн онцлов.

НЗДТГ, Нидерландын Нутгийн удирдлагын Гаагийн академи Нийслэлийн хүний нөөцийн хөгжлийн төвийг бэхжүүлэх, нийслэлийн төрийн албан хаагчдын чадавхжуулах зорилгоор хамтран ажиллах Санамж бичгийг өнгөрсөн наймдугаар сард байгуулсан юм.