Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороонд ажиллалаа. Тодруулбал, тус хороодод улсын сургууль, цэцэрлэг барих асуудлыг шийдвэрлэхээр нөхцөл байдлыг газар дээр нь очиж үзсэн юм.

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо нь 26 мянган хүн амтай бөгөөд 7500 нь 18 хүртэлх насны хүүхдүүд. Үүнээс цэцэрлэгийн насны 3000 орчим хүүхэд байдаг ч улсын хоёрхон цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. 

Иймд 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Миний хайпермаркет”-ийн зүүн талд байрлах Тээврийн цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны газарт улсын цэцэрлэг байгуулахаар төлөвлөжээ. Тус байршил нь 2011 оноос хойш Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын харьяанд байсан бөгөөд 3500 ам метр талбай бүхий газар юм.

Харин Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо нь 31 мянган хүн амтай, Улаанбаатар хотын хамгийн их оршин суугчтай, нягтаршил ихтэй бүс. Тус хорооны оршин суугчдын 16 мянга орчим нь 18 хүртэлх насны хүүхдүүд бөгөөд сургууль, цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас өөр дүүрэг, хорооны сургууль, цэцэрлэгт хамрагддаг. Иймд “Баянмонгол” хорооллын урд, “Олимп” хотхоны ард байрлах 7500 ам метр талбай бүхий газрыг Нийслэлийн Боловсролын газарт шилжүүлэн, 640 хүүхдийн сургууль барихаар төлөвлөжээ.

Ийн эхний ээлжид Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хорооны дээрх хоёр байршилд нийт 1000 орчим хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, сургууль байгуулахаар боллоо. Ингэснээр дор хаяж 1000 машины хөдөлгөөн татарна гэх тооцоолол гараад байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд 2020-2022 онд нийт 152 сургууль, цэцэрлэг барих ажил эхэлсэн бөгөөд барилгын ажил үргэлжилж байна. Хамран сургах тойргийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд нэмж 71 сургууль, цэцэрлэг барих шаардлагатайг Нийслэлийн Боловсролын газраас мэдээлж байлаа.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн  “Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороо болон Хан-Уул дүүргийн 17, 18, 19 дүгээр хороо хамгийн өндөр нягтаршилтай бөгөөд газар байхгүйн улмаас сургууль, цэцэрлэгийн хүртээмж тааруу байдаг. Үүнээс үүдэн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, түгжрэл үүсэх нөхцөл бүрдээд байна. Улаанбаатар хотын түгжрэлийн 28.5 хувийг хамран сургах тойрогт нь сургууль, цэцэрлэг хүртээмжгүйгээс хүүхдээ зөөх хөдөлгөөн бүрдүүлдэг” хэмээн онцоллоо.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС