Буяндэлгэрийн Мөнхчимэг
01 сарын 13, 2022
Өнөөдөр манай улс ардчиллын замыг сонгож, шинэ Үндсэн хуулиа баталсны 30 жилийн ойн өдөр.
Үндсэн хуулийн төслийг хэвлэлд нийтлэн бүх ард түмнээр хоёр удаа хэлэлцүүлсний дараа Улсын бага хурлаар дөрвөн удаа хэлэлцүүлжээ. Тухайн үеийн хууль тогтоох дээд байгууллага АИХ-ын хуралдаанаар 75 хоног хэлэлцэн батлав.
АИХ-ын 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимэд нэг бүрчлэн уншиж сонсгон, мөн өдрийн 11.35 цагт баталсан байна.
Ингэснээр Монгол хүн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, амьдрах газраа чөлөөтэй сонгох зэрэг язгуур эрхээ батлан, тунхагласан түүхтэй.
Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа шинэчлэн баталсан байдаг.
1924 оны Үндсэн хуулиар хаант улсыг халж, Бүгд Найрамдах улсыг тунхагласан. Харин 1940 оны Үндсэн хуулиар “Улс орноо хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх явдлыг хангах”, 1960 оны Үндсэн хуулиар “Социализмыг төгөлдөр байгуулж, цаашдаа коммунист нийгэм байгуулна”, 1992 он Үндсэн хуулиар “эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх”-ийг зорилго болгон тус тус дэвшүүлжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.