Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу нийслэлийн алслагдсан хорооны нутагт үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудад шалгалт хийж байна. 

Эм, тариа, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хүртээмж ямар байгаа болон үнэ ханшийн талаарх судалгааг гаргаж, чанар, аюулгүй байдалд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын мэргэжилтнүүд хяналт тавьж ажиллаж байна.

Нийслэлийн зургаан дүүргийн алслагдсан хороод, гэр хороололд байрлах эмийн сангуудаас санамсаргүй түүврийн аргаар сонгон шалгалтад хамруулжээ.  

Урьдчилан сэргийлэх шалгалтад хамрагдсан байгууллага, аж ахуйн нэгжийн мэргэжилтнүүдэд эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө.

Өнөөдрийн шалгалт Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны алслагдсан эмийн сангаас эхэлсэн юм. 

Шалгалтын үеэр эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Б.Хишигжаргал “Хоёр асуудлын хүрээнд судалгаа, шалгалт хийж  байна. 

Нэгдүгээрт, эмийн үнийн асуудал. Эмийн сангуудад зарж байгаа үнэ болон эм ханган нийлүүлэгч байгууллагуудын үнийн судалгааг гаргана. 

Тасалдал үүссэн эмийн жагсаалтыг гаргаж, эмийн нөөц шалгана. Одоогоор 72 эмийн сан хамрагдаад байна. Өргөн хэрэглээний эмээс гадна зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон эмүүд зарим эмийн санд тасалдсан байна” гэлээ.

Хяналт, шалгалтыг Мэргэжлийн хяналтын хэлтсийн эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчид энэ сарын 12-нийг  хүртэл хийж гүйцэтгэх юм. 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС