Жил бүрийн есдүгээр сарын сүүлийн 7 хоногт Олон улсын сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах өдрүүдийг тэмдэглэдэг уламжлалтай. 

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн Дэлхийн холбоо (WFD)-ны анхны конгресс 1951 оны есдүгээр сард Италийн Ром хотноо чуулж  есдүгээр сарын сүүлийн өдрүүдийг Олон улсын сонсголгүй иргэдийн долоо хоног болгож, 1958 оноос эхлэн тэмдэглэдэг болжээ. 

Энэ жил тус өдрийг дэлхий нийтээрээ “Өөдлөн дэвжсэн сонсголгүй олон нийтийг алдаршуулъя” уриатай тэмдэглэж буй.  Манай улс  энэ өдрийг 12 дахь жилдээ тэмдэглэж байна. 

Мөн НҮБ-аас 2018 онд  Олон улсад дохионы хэлний өдрийг тэмдэглэж байхаар есдүгээр сарын 23-нд шийдвэрлэсэн билээ. Манай улс ч жил бүрийн энэ өдрийн “Монгол дохионы хэлний өдөр” болгон тэмдэглэсээр ирлээ.  

Монгол дохионы хэл бол сонсголын бэрхшээлтэй иргэдийн төрөлх хэл, энэ хэлээрээ нийгмийн бүхий л харилцаанд оролцох эрхтэй. Манай улс ч холбогдох хуулиндаа ингэж заасан байдаг (ХБХЭХ 12.1-р зүйл).

Тиймээс дохионы хэлийг түгээн дэлгэрүүлж, хүртээмжтэй орчин бүрдүүлэх нь сонсголгүй иргэтдийн эрхийг хангаж буй гол хэлбэр юм. Харамсалтай нь сонсголгүй иргэд эх хэлээрээ боловсрол эзэмших, орчуулгын үйлчилгээний авах хүртээмж хангалтгүй.  Энэ тал дээр төрийн дэмжлэг, оролцоо тун дутмаг байгаа юм.   

Монголын Дохионы хэлний орчуулагчдын холбооноос гаргасан “Дохионы хэлний видео дуудлага” цахим орчуулгын үйлчилгээг улсын хэмжээнд 4000 гаруй л хүн хэрэглэж байна. Хууль хяналтын болон бусад албан үйлчилгээг хүртээмжтэй болгох дохионы хэлний хэлмэрчийн үйлчилгээний төсөв хөрөнгө дутагдсан хэвээр байгаа гэж сонсголын бэрхшээлтэй иргэд, мэргэжлийн холбоод хэлж байна.

Олон улсын дохионы хэлний өдрийг тохиолдуулан Монголын дохионы хэлмэрчдийн холбоо, Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зарим ТББ, ЭХЭМҮТ хамтран "Сонсголын бэрхшээлтэй иргэдийн нөхцөл байдал, дохионы хэлний хэрэглээ, шаардлага" сэдвээр өглөөний уулзлт хийхээр болжээ. 

Уулзалт маргааш /2021.09.23/ Интeрномын кафед болох юм. Т-ийн Чих, хамар, хоолойн тасгийн эмч зэрэг хүмүүс оролцоно.