Эцэг эхчүүд хүүхдийнхээ сонсголыг хэт оройтуулж оношлуулж байгаагаас үүдэн хүүхэд хэлд орох магадлал багасч байна. Энэ асуудлын талаар ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх полклиникийн сонсголын эмч Д.Ариунтуяатай ярилцлаа

- Нярайн сонсголыг хэрхэн шалгаж, дүлийрэлтийг эрт илрүүлж байна вэ?

-ЭХЭМҮТ-д нярайг төрсөн даруйд сонсгол, нүдний уг болон хараа, бодисын солилцооны эмгэг, түнхний эмгэг гээд 4 үндсэн чиглэлээр оношлодог. Төрж байгаа нярай  бүгд энэ илрүүлэгт  орно.

Дүлийрэлтийг эрт илрүүлэхийн тулд шинэ төрсөн нярайн 95-98 хувийн сонсголыг 72 цаг дотор шалгаж байна. Ингэж шалгаад сонсгол тэнцээгүй бол нэг сартайд, түүнд тэнцээгүй бол дахиад гурав дахь удаад гурван сартай, дутуу төрсөн бол 4-5 сартайд сонсголын бодит шинжилгээг хийдэг. 

Хэрэв тэнцэхгүй бол бид гүнзгийрүүлсэн шинжилгээ хийдэг. Тэнцэхгүй бол 6 сар хүрэхээс нь өмнө бусад нарийн мэргэжлийн шинжилгээг иж бүрнээр нь хийдэг.  

Дэлхийн сонсголгүй хүүхдүүдийн холбоо, Ротаритай клубтэй хамтран нйислэлийн 1. 2, 3-р амжих газар, Налайх, Багануур дүүрэг, Баянхонгор, Өвөрхангай аймагт, хамгийн сүүлд Архангай аймагт нярайн сонсгол шалгах багаж хандивласан. 

Манай ЭХЭМҮТ-ийн зүгээс бүх төрсөн хүүхдүүдийн сонсголыг шалгахыг зааж зөвлөж байгаа. Энэ оноос ийнхүү нярайн сонсгол бууралтыг шалгадаг болсноор бид маш олон хүүхдүүдийн сонсголын түвшинг эрт илрүүлсэн. 

Дэлхийн статистик дунджаар 1000 төрөлтөд 3 дүлийрэлт төрөх магадлалтай байдаг. Манай улсад ч мөн ийм л байна. 

                

-Сонсголгүй нярайн 90 хувь нь эрүүл эхээс төрдөг гэсэн статистик мэдээ байдаг. Хүүхэд сонсголгүй төрөх ямар шалтгаан байдаг вэ

  • 1500 гр-аас бага жинтэй төрсөн нярай
  • эх нь ямар нэгэн халдвараар өвдсөн үед
  • сэхээнд 3 аас дээш хоног амьсгалын аппараттай байсан үед
  • удамшлын ямар нэгэн асуудал байсан эсэх
  • ямар нэгэн гаж хөгжилтэй эсэх, уруул тагнайн сэтэрхий байна уу гээд олон шалтгаантай. 

Ингэж бид шалтгааныг тодорхойлж эцэг эхэд нь анхааруулж, зөвлөдөг. Хот, хөдөөгийн хаана ч байсан эргэж бидэнтэй заавал холбогдохыг анхааруулж хэлдэг. 

Бичлэг үзэх: 

 


-Эрэгтэй хүүхэд орой хэлд ордог гэсэн ойлголт манайханд бий. Энэ хэр зөв ойлголт вэ?

-Хөдөө орон нутгийн зарим иргэд “тэгж байгаад сонсгол орно биз” гэх зэргээр хойрго хандах тохиолдол бий.  Үүнээсээ болоод хүүхдээ сонсголыг оношлуулалгүй, цаг алдаж эмнэлэгт ханддаг.

Аль болох эрт эмчилгээнд орвол үр дүн сайн гарна. Тухайлбал миний 20 жилийн өмнө хүүхдийнх нь сонсголыг оношилж байсан ээж энэ уулзалтад ирсэн, миний хажууд сууж байна.  

Би хүүхдийг нь 4 сартайд оношилж байсан. Тэр үед дунгийн суулгац гэж байгаагүй. 2016 оноос дунгийн суулгац хийж, ахиц дэвшил гарч байна. Аль болох эрт илрүүлж хяналтандаа авч, эмчилгээ хийх нь чухал.  

 

-Дунгийн суулгацыг оройтож хийлгэхээр таарч тохирох нь бага, үр дүн тааруу байна гэж сая сонсголгүй иргэд хэлж байна. Насны хувьд хэдийд хийлгэх нь тохиромжтой вэ?  

-Дунгийн суулгац хийлгэхэд тохиромжтой хугацааг хүүхэд хэлд орох насыг хоёр дахин үржүүлж тооцно. Өөрөөр хэлбэл, 6 сартайд хийлгэсэн бол 1.2 настай хэлд орох боломжтой. 5 настайд хийгээд үр дүн тааруу гэдгийг туршлагатай хүмүүс хэлж байна. 

Дэлхий нийтэд хэзээ ч дунгийн суулгац хийсэн сонсгол орох ёстой гэж үздэг. Харин манайд бол үр дүн бага байна. Зөвхөн эмчилгээ хийлгээд орхих биш уйгагүй хэл ярианы дасгал сургууль хийх хэрэгтэй байдаг. 


-Эрт илрүүлж дунгийн суулгац суулгасан амжилттай жишээ хэр болон байдаг вэ?

-Нэг жишээ хэлэхэд 3,8 настай, дунгийн суулгац хийлгэсэн Хэнтий аймгийн хүүхэд бий. Манай өрөөнд орж ирээд “Сүү-үү” гэж уншихад би үнэхээр баярласан. Түүн шиг баярласан үе надад ховор доо. Одоо нөгөө чихэндээ хагалгаа хийлгэх гэж байна. 

Эцэг эх малчин учраас хүүхэдтэйгээ тийм нарийн ажиллаж, цагаа зориулахад хэцүү л дээ. Гэсэн ч хэл орж байна. 

Аль болох бага насандаа, 1 ой хүртэлх насанд нь дунгийн суулгац тавиулбал хэл, сонсгол орно гэж үзэж байгаа. 


 -УБ хотын бүх төрөх эмнэлэг, орон нутгийн хэмжээнд гурван аймагт л нярайн сонсгол оношилж байна гэсэн. Бусад нь яах вэ? Тухайлбал энэ жил 40 мянган жирэмсэн эх байна гэсэн. Тэдний хичнээн нь хүүхдүүдээ оношлуулж чадаж байна гэдэгт тодорхой хариу байхгүй гэж ойлголоо.  

-Үүнд улсын төсвөөс мөнгө гаргаж нэг ч аппарат, техник авч өгөөгүй. Бүгд Дэлхийн Сонсголгүй иргэдийн холбооны санхүүжилт, Ротари клубын оролцоотой өгсөн аппаратууд. 

Түрүүчээсээ гурван жил ажилласан аппаратууд эвдрээд эхэлсэн. Жилд ганцхан аппаратаар  20 гаруй мянган нярайг оношилж байгаа болохоор арга ч үгүй.  Ядаж аймаг бүрт нэг аппарат байх ёстой. 

          

-Ээж, аав нь ямар шинж тэмдэг ажиглагдвал хүүхдээ сонсголын өөрчлөлттэй юм байна гэж ойлгох вэ? 

-Эх хүүхдийн ягаан дэвтэр дээр энэ талаар тодорхой зөвлөмжүүд бий. Эцэг эхчүүд тэр дэвтэртэйгээ сайн танилцах хэрэгтэй. Хоёр сартай байж дуу чимээ мэдрэхгүй, 6-7 сартай байж ээжийнхээ дууг танихгүй байх, өөдөөс нь харвал ямар ч хүүхэд ээж рүүгээ хараад инээнэ шүү дээ. 

5, 6 сартай хүүхэд ганганаж гунгана. Ер нь  ой 2 сартай, ой 5 сартай байхдаа “мээмээ”,  “ээддээ” гэх зэргээр үг хэлж эхэлдэг. Гол төлөв охид 1,8 сараас 2 настай, эрэгтэй хүүхдүүд 2.3 сартайгаас хэлд ордог.  Эцэг эхчүүд “үгүй, манай хүүхэд сонсоод хариу үйлдэл үзүүлдэг” гээд байдаг. 

Харж байгаа юм чинь дохио зангаа, дүр байдлыг мэдрээд хариу үйлдэл үзүүлнэ шүү дээ. Сүүлийн үед аутизмтай хүүхдүүд нэмэгдэж байна. 

Хүүхэд сайн ярьж чадахгүй байхад манай хүүхэд англиар ярьдаг ч  гэдэг юм уу, эсвэл чимээгүй байлгах гээд утас өгөөд орхидог. Энэ маш буруу. Хэл яриаг нь хөгжүүлэх амьд харилцаагүй үүсгэдэггүйгээс болж хүүхдүүдээ хэл ярианы хөгжлөөс хоцроогоод байгаа тал нэлээн ажиглагдаж байна.  


-Хүүхэд удаан хугацаагаар гар утас, зурагт үзэх нь аутизмтай болоход нөлөөлдөг үү?

-Сүүлийн үед хэт их гар утас, цэнхэр дэлгэцний хэрэглээнээс үүдэлтэй аутизмын хөнгөн хэлбэрүүд оношлогдож байна. Энэ хэлбэрийн аутизмын үед бид эцэг эхчүүдийг хүүхдэдээ огт гар утас хэрэглүүлэхгүй байх, өөрсдөө ч гар утсаа солихыг зөвлөдөг. 

Эцэг эх нь өөрсдөө гар утсаа солиод, хүүхэдтэйгээ зөвхөн амьд харилцаа үүсгээд нэг жилийн дараа ирээрэй гэхэд хүүхэд мэдэгдэхүйц сайжирсан байдаг. 


-Эцэг эхчүүд хүүхдээ бараг 5-6 нас хүргээд оношлуулахаар авч ирж байгаагийн гол учир юу вэ? Энэ нь ямар эрдэл дагуулж болох вэ?

-Эцэг эхчүүд хүүхдээ сонсголгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй явсаар маш их цаг алдаж байна. Гэтэл хүүхдийг эрт оношлуулаад сонсголын бүрэн шижилгээнд хамрагдаж тэнцээгүй бол тохирсон эмчилгээг нэн даруй хийж гэмээн хүүхэд эрт хэлд орох боломжтой болдог. 

Харин оройтуулж авч ирсэн хүүхэд дунгийн суулгац, сонсголын аппарат хийлгэсэн ч хэлд орж, ярьж сурах нь хүндрэлтэй болдог. Тиймээс бид эцэг эхчүүдийг эх хүүхдийн ягаан дэвтэртэйгээ сайтар танилцаж, хүүхдэд нь тэдгээр шинж тэмдэг илэрч байгаа үгүйг шалгаж, хүүхдээ аль болох эрт оношлуулахыг захидаг.