Гарааны бизнест таатай, ээлтэй орчинг бүтээхэд co-working буюу хамтаар ажиллах соёлыг түгээгч дундын, хамтын оффис чухал нөлөө үзүүлдэг гэдэг. Тэр дундаа орчин үеийн эрэлт хэрэгцээг хангасан, ажиллах  хүсэл сонирхлыг төрүүлэхүйц ажлын оффис залуусыг цалин орлогоос илүү татаж буй нь судалгаагаар гарсан байдаг.

Тэгвэл яг ийм орчин үеийн, шинэлэг дундын оффистой PIONEER инновацийн төв МҮИС дээр 12 сарын 10-ны өдөр нээлтээ хийх гэж байна. 

Хоёр жил судалж төлөвлөж байж орчин үеийн ажлын байрны стандартыг бүрэн хангасан, гарааны бизнес эрхлэгчид, мөн шинэ үеийнхний эрэлт хэрэгцээг хангах төвийг Монголдоо анх удаа нээж байгаагаа “Pioneer” инновацийн төвийн захирал Г.Маналжав хэллээ.

Тэрээр “Бүтээмж суурьтай технологийн компаниудын ажлын байрыг судалж, жишиж байж энэ оффисоо байгууллаа. Өнөөгийн залуус, шинэ ажиллах хүчний ажил, амьдралын хэв маяг өөрчлөгдөж байна. Бүтээмж үзүүлж чадаж байвал ажлын цаг хамаагүй, орон зайны хувьд ч хязгаарлагдахаа больсон. 

Мөн залуус уйтгартай ажлын байрнаас дайжиж, эрэлт хэрэгцээг нь хангах олон үйлчилгээ агуулсан, таатай, сонирхолтой ажлын байр луу шилжиж байна. Энэ бүх эрэлт хэрэгцээг хангасан дундын оффисоо эрдэм шинжилгээний төвийн дэргэд нээж байна” гэлээ. 

"Pioneer" инновацийн төвийн хамтын оффис нь дэргэдээ контент үйлдвэрлэлийн тоноглол бүхий дуу, дүрс бичлэгийн өрөө, тайз, электроникийн лабортори, 24 цагийн гал тоогоо, “Play station” видео болон спорт тоглоомын, мөн унтлагын өрөөтэй, нийт 9000м кв талбай бүхий монголдоо анхдагч дундын оффис болж байна.

 “Pioneer” инновацийн төвийн нээлт 2021.12.10-ны 11 цаг, 16.30 цагт тус тус МҮИС-ийн байр, 9 давхарт болно.