Амралт зугаалж яваад согтуурсан үедээ Хар зүрхний хөх нууранд живсэн хэрэг Хэнтий аймагт гарчээ. 

Хэргийн талаар дэлгэрүүлэхэд, ОБЕГ-аас мэдээлснээр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн “Хар зүрхний хөх нуур” гэдэг газар нуурын эрэгт сумын харьяат дөрвөн гэр бүлийн 10 хүн зугаалж байжээ. 

Хамт зугаалж явсан иргэн Б долоодугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж хамт явсан хүмүүстэйгээ муудалцаж “Хар зүрхний хөх нуур”-ын эрэгт үлдсэн бөгөөд бусад хүмүүс нь Өмнөдэлгэр сум руу яваад долоодугаар сарын 23-ны өдөр буцаж ирэхэд үлдсэн газраа байгаагүй байна. Эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 26-ны өдрийн 15:30 цагт нуурын усанд живсэн байсныг олжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 195 км зам туулан 20:00 цагт хүрэлцэн очиж 20:45 цагт иргэн Б/51 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.